Авлигатай тэмцэх газраас өгсөн Зөвлөмжийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар биелүүлж ажиллажээ
Авлигатай тэмцэх газрын өгсөн Зөвлөмжийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас хүлээн авч зөрчлийг арилгах, дотоод хяналтыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн байна.
Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан үүргээ биелүүлээгүй тус аймгийн Зэрэг, Дөргөн, Цэцэг, Чандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Төмөрмөнх, Ц.Мөнхбат, М.Баярт, Л.Гэрэлчимэг, Мөнххайрхан, Манхан сумын цэцэрлэгийн эрхлэгч У.Долгорсүрэн, Д.Хишигсайхан нарын албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаатай 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, дахин энэ төрлийн зөрчил гаргахгүй байх үүрэг өгчээ. Мөн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан авлигын зөрчил гаргасан Манхан сумын Засаг дарга С.Гантөмөрт албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг 2014, 2015 онд Ховд аймагт ажиллаж Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлах, сургалт зохион байгуулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор холбогдох зөвлөмжийг өгч ажилласан юм. Ийнхүү ажиллах явцад тус аймагт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын “Гурав”-ын 3.8.3-т заасан “мэдэгдэл”-ийг гаргаагүй зөрчлүүд түгээмэл байсан билээ.