Jun 29, 2015         6

Авлигатай тэмцэх газарт хаягласан жирийн иргэний захидал

Авлигатай тэмцэх газрын contact@iaac.mn цахим шуудангаар ийм нэгэн захидал ирлээ. Захидлын эзэнтэй утсаар холбогдож, захидлыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтэлж болох эсэхийг асуухад зөвшөөрсөн боловч нэрээ нууцлахыг хүсэв. Тэрээр энэ учраа “Авлига гэдэг бол мөнгөтэй, эрх мэдэлтэй, албан тушаалтай, тэрийгээ алдахгүйн тулд яахаас ч буцахгүй хүмүүсийн хийдэг ажил. Би жирийн иргэн хүний хувьд санаж, бодож байгаагаа өөрийн эрхгүй бичсэн. Авлигатай тэмцэх газрыг дэмжиж байгаа ч гэсэн айж байна” гэж тайлбарлав. Тиймээс түүний хүсэлтийг хүндэтгэн үзэж, илгээгчийн нэр, цахим хаяг, утасны дугаар зэргийг нууцалж, захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна. 

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга Наваан-Юндэнгийн Ганболд болон хамт олонд

Та нарт зуны сайхан өдрийн мэнд хүргэж мэндчилье.

Яг том утгаар нь харахаар үнэхээр энэ авлига, албан тушаалын хэрэг чинь улс орныг маань доош нь асар хүчтэй чангааж дээр дооргүй бид бүгдээрээ зөв сайхан, сэтгэл амар амьдарч болдоггүй юм байна. Нэгэнт та бүхэн энэ их айхтар ажил төрийнхөө өмнө хариуцдаг тул маш хэцүү нөхцөлд ажиллаж амьдардаг юм байна гэж би мэдрээд байгаа тул товч захиа бичиж байгаа юм. Бас их ч дарамттай байдаг бололтой.

  1. Монгол төрөө цэвэр ариун байлгаж улс төрчид, дарга нар ёс суртахууны үлгэрлэл үзүүлж чаддаггүй харин өөрсдөө дандаа "жонхуу" зуурч байдаг болон сиймхий болгоноор түмний хөрөнгө зувчуулж байдаг муухай уламжлал тогтож байгаад туйлын харамсаж явна.
  2. Авлигатай тэмцэнэ гэж дандаа ярьдаг дарга нар маань дэндүү өчүүхэн бас шуналдаа хязгаар тавьж чаддаггүй тул манай улсын жирийн иргэд хий л баахан бухимдаж бас баячууддаа (дарга баячууддаа) атаархаж сүүлдээ бие биенээ барьж иддэг араатан аятай болж байгаа нь мөн ч их гаслан бус уу? Үүний гол буруутан нь манай үе үеийн эрх баригчид, түүний ойрын хүрээлэл мөн!!!
  3. Дарга нар нь нэг л сайхан ярьж цаг барна. Гэтэл яг амьдрал дээр тэд нар маань л дандаа өлөн царайлж улс орныхоо сан хөмрөг, ард тумнийхээ татварын орлогыг завшиж бас Монгол Улсын маань нэрээр олддог гадаадын зээл, тусламжийг хувьдаа ашиглах нь замбараагүй болжээ. Ажил олгосны, ажилд авсны гээд манай төсвийн зардлын хэдэн хувь нь авлигад оногддог билээ!!!!! Үүнээс болж төсвийн хөрөнгө оруулалтын зардал асар их өсч одоо түүнийг санхүүжүүлэх хөрөнгө ч байхгүй болж байгаа учир дахиад л өр, зээлд мордоно!!!!
  4. Ингээд харахаар хамгийн хариуцлагагүй, шударга бус хүмүүс бол танайд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг товарищууд мөнөөс мөн. Ингээд бодохоор авлигачид нь хоосон муусайн ядуу ард иргэддээ нэг л их авлигатай тэмцэж байгаа мэт өдөр бүр донгосохоор ямар утга байна даа!!! Ийм учир та нарын гол дэмжлэг авах хүмүүс бол жирийн иргэд чинь юм биш үү????!!!!
  5. Манай улс хойтон жилээс эхэлж баахан өр дарж эхлэх естой. Түүнийг бас зээл авч дарах уу? Ийм л юм эрх баригчид чинь бодож яваа... Тэдэнд улс эх орноо боддог хүн хэд байгаа юм бэ? Харин өөрсдөө бол хагартлаа баяжжээ! Ингэж баяжих боломж Монголд яагаад ч байхгүй!!!!!
  6. Тийм учир би л зүгээр багцаалахад дор хаяж нэг тэрбум ам.доллар илүү хөрөнгө, мөнгө авлигаар улсын сан хөмрөгөөс алга болж өөр газар байна!!! Үүнийг дайн дажин болголгүй олж буцааж тусгай санд байрлуулж гадаа самбарт орж буй орлогыг онлайнаар харуулах ажлыг та нар минь хийж эхэлбэл ямар вэ? Арга байх шиг байх юм. Энэ талаар санал солилцмоор байгаа тул би захиа зориглон бичив.

Мэдээж ингэж ярингуут л нөгөө олон но-той товарищууд намайг шоронд хийх нь гээд л төрийн нударгаа булаалдаж дажин болно. Гэтэл маш тайван замаар авлигачдаа аргадаж болмоор санагдаад байгаа юм. Одоо бол засгийн эрхийн төлөө дайн хийхээс ч буцахгүй шинжтэй. Гэтэл алдах юмтай хүмүүс л үхэн хатан гишүүн, сайд болж засгийн эрхийн төлөө ер нь л үхэх нь ээ. Энэ л манай Монголын минь гутамшиг, бас ямар ч ирээдүйг тодорхой болгохгүй байна!!!! Атаа хорсол, өшөө авалт ч замаа алдлаа. Энэ бүхэн ганцхан мөнгөнөөс болж байгаа тул үнэхээр утгагүй байна. Бүлтийсэн үр хүүхдүүддээ сайн сайхныг үлдээж чадах ёстой, өнөөгийн бид нар.

Нэг сайхан ний нуугүй буруу зөвөө яриад түмний буянаар өндөр сэнтийд залраад шуналдаа хөтлөгдөж авлигаар баяжсан нөхөд хууль бусаар олсон хөрөнгө, мөнгөө улсдаа сайн дураараа буцааж өгвөл тэд нар ч сайн нойртой болж улс маань ч цойлоод л хөгжөөд ард тумэн налгар сайхан болоод ирнэ гэж би хатуу итгэж явдаг юм. Ингэж чадахгуй бол гэж бодохыг ч хүсэхгүй байна. Ийм учир Монголынхоо төлөө Та бүхэнд энд товч бичсэн зүйлээ ажил болгох арга замын тухай хэлэлцэхэд бэлэн байгааг минь болгооно уу? Хэрхэхээ өөрсдөө л та нар мэднэ шүү дээ. Агуу их түүхт их Монгол Улсынхаа ирээдүйн сайн сайхны төлөө өндөр төрийнхөө үүргийг сайн биелүүлэх гэж зүтгэж яваа та бүхэндээ жирийн иргэн би чин сэтгэлээсээ амжилт хүсч явдгаа илэрхийлье.

Та бүхнийг хүндэтгэсэн,

.............................. - төрийн ажил хийж үзээгүй, ямар ч сонгуульд нэр дэвшиж яваагүй, авлига авах шалтгаан амьдралд минь байсангүй, авлига өгч доошоо орохгүйгээ мэднэ.

iaac

iaac

 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us