Төрийн байгууллагуудын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээг танилцууллаа
Авлигатай тэмцэх газраас явуулсан нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “MDS and KhanLex” ХХН, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачилга бодлого судлалын төв” ТББ, “SICA” ХХК-ийн төлөөлөл бүхий шинжээчдийн 4 баг улсын хэмжээнд төрийн бүх байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд үнэлгээ хийснээ өнөөдөр танилцууллаа. Үнэлгээг танилцуулах хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон оролцов.
Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж олон нийтэд мэдээлэх ажлыг 3 дахь удаагаа зохион байгуулж байна. Төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн хөндлөнгийн шинжээчид үнэлдгээрээ онцлог юм.
Үнэлгээнд УИХ-аас байгуулагддаг 7 байгууллага, 15 яам, Засгийн газрын 28 агентлаг, аймаг, нийслэл 22, нийслэлийн 9 дүүрэг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 39 хуулийн этгээд, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2 байгууллага, нийт 122 байгууллага хамрагджээ. Энэ жилийн улсын дундаж үнэлгээ 67,8 хувьтай байгаа нь өнгөрсөн онтой харьцуулбал 7.8 хувиар, 2013 оны дүнтэй харьцуулбал 19,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үнэлгээний үр дүнг өмнөх онуудтай харьцуулсан байдлаар үзүүлбэл:
Төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлснээр төрийн байгууллагын авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлж түгээн дэлгэрүүлэх, байгууллага хоорондын өрсөлдөөнийг бий болгох, төрийн байгууллагын үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд байгууллагын зүгээс уг үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг олгох, энэхүү үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.