“Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны үнэлгээ”-ний нэгдсэн дүн
Нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “MDS and KhanLex” ХХН, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачлага бодлого судлалын төв” ТББ, “SICA” ХХК-ын төлөөлөл бүхий шинжээчдийн 4 баг Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж, дүнг ирүүлээд байна. Энэ үнэлгээ нь 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөндлөнгийн шинжээчид үнэлдгээрээ онцлог билээ.
Энэхүү үнэлгээний агуулга нь төрийн байгууллагын авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, хэрэгжилтийг хангуулах, албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэл, санал санаачилга, хүчин чармайлтыг дэмжих, үлгэр жишээ, тэргүүн туршлагыг илрүүлэн түгээн дэлгэрүүлэх, байгууллага хоорондын өрсөлдөөнийг бий болгох, төрийн байгууллагын үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд байгууллагын зүгээс уг үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг олгох, энэхүү үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах явдал юм.
Энэ удаагийн үнэлгээнд Улсын Их Хурлаас байгууллагддаг 7 байгууллага /Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс/, 15 яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч 28 агентлаг /Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар үнэлгээнд хамрагдаагүй/, аймаг, нийслэл 22, нийслэлийн 9 дүүрэг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 39 хуулийн этгээд, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний 2 байгууллага /Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль/, нийт 122 байгууллага хамрагдлаа. Үнэлгээ нь авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг 0-70 оноо, авлигатай тэмцэх санал, санаачилгыг 0-30 оноо, нийт 100 оноогоор үнэлдэг бөгөөд энэ жилийн улсын дундаж үнэлгээ 68,2%-тай байгаа нь өнгөрсөн онтой харьцуулбал 8.2%, 2013 оны дүнтэй харьцуулбал 20%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үнэлгээний үр дүнг өмнөх онуудтай харьцуулсан байдлаар үзүүлбэл:
Шинжээчид үнэлгээний улсын дундаж оноо жил тутам нэмэгдэж байгааг эерэг үр дүн гэж үзсэн байх ба энэ үйл явцыг авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, түүний удирдлагаас анхаарах болсон, мөн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-ы зүгээс хүчин чармайлтын үр дүнтай холбон тайлбарлажээ. Мөн авлигын эсрэг үйл ажиллагаанд удирдлагын манлайлал чухал гэдгийг тэмдэглэж Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний статистикийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Мэдээлэл технологи, шуудан харилцаа, холбооны газар, Худалдан авах ажиллагааны газар, Дорноговь, Орхон аймаг, Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Мэдээллийн технологийн үндэсний парк” ТӨҮГ, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг сайшааж, харин Төрийн албаны зөвлөл, Гадаад хэргийн яам, Онцгой байдлын ерөнхий газарт онцгойлон анхаарлаа хандуулах шаардлагатайг анхааруулсан байна.
Түүнчлэн үнэлгээний аргачлалд Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн хэрэгжилтийн үнэлгээний шалгуурыг үе шаттайгаар нэмэгдүүлэн тусгах, үнэлгээний эх сурвалжид хэвлэл мэдээлэл, олон нийт, хэрэглэгчийн санал бодол зэрэг гуравдагч эх сурвалжийг нэмэх, ажиглалт судалгаа хийж харьцуулах, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/, Авлигатай тэмцэх газрын түвшинд өөрийн үнэлгээ хийж, түүнийгээ иргэний нийгмийн байгууллагаас баталгаажуулах байдлаар ажиллахыг зөвлөлөө.
Төрийн байгууллага тус бүрийн 2015 оны үнэлгээг 2013, 2014 оны үнэлгээтэй харьцуулан үзүүлбэл:
График 1
График 2
График 3
График 4
График 5
График 6
График 7
Энэ онд өөрийн санаачилгаар үнэлгээнд хамрагдсан Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 64.8, Хууль сахиулахын их сургууль 68.2 оноогоор тус тус үнэлэгджээ.