Jun 18, 2015         3

Зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулах асуудлаар Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнд албан бичиг хүргүүллээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Увс аймгийн төв болон сумдад ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах явцад төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хандив хүссэн, хязгаарласан хугацаанд хандивлагч этгээдтэй гэрээ байгуулсан, орон нутгийн төсвийн хөрөнгөөс хандив, бэлэг өгсөн, хууль тогтоомж, дүрэм журамд байхгүй зүйл, хэсэг, заалт, хүчингүй болсон эрх зүйн актыг үндэслэн шийдвэр гаргасан зэрэг зөрчил, дутагдал илрэв. Тухайлбал:

  1. Засаг даргын нөөц хөрөнгөөс Тэс сумын Засаг даргын 2014 оны А/77 дугаар захирамжаар тус сумын ойн арга хэмжээнд ихээхэн хэмжээний хандив өгсөн гэх “ТЭСО корпораци”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргад 2 500 000 төгрөгийн үнэ бүхий эмээлийг худалдан авч өгсөн, Баруунтуруун сумын Засаг даргын 2014 оны А/73 дугаар захирамжаар Зүүнхангай, Өндөрхангай, Тэс сумын 90 жилийн ойтой холбогдуулан эдгээр сумдад 1 100 000 төгрөгийн хандивласан зэрэг нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “төсвийн болон ... хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно.”, Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.10-д заасан “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн;
  2. Зүүнхангай сумын Засаг даргын 2014 оны а/60 дугаар захирамжаар “Тэгш буянт таван цоож” хоршоонд мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн хүчингүй болсон зүйл, хэсэг, заалт /7 дугаар зүйлийн 7.2.3 нь 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/-ыг үндэслэсэн; 
  3. Түргэн сумын Засаг даргын 2014 оны А/53 дугаар захирамжаар жүдо бөхийн Бамбар дэвжээний нээлтийн үйл ажиллагаа, сумын 90 жилийн ойн бэлтгэл хангуулах зэрэгт зориулж хөрөнгө зарцуулахдаа Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар хүчингүй болсон “Орон нутгийн нөөц санг төлөвлөх, зарцуулах, гүйцэтгэлийг тооцох нийтлэг журам”-г үндэслэсэн. Мөн Засаг даргын 2014 оны А/16, А/18 дугаар захирамжуудаар сумын 90 жилийн ойн баяр наадмын зардалд 4 065 000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахдаа Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар баталсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-д байхгүй заалтыг үндэслэл болгосон; 
  4. Өмнөговь сумын Засаг даргын 2014 оны А/10 дугаар захирамжаар 90 жилийн ойн арга хэмжээнд холбогдуулан 1 574 360 /нэг сая таван зуун далан дөрвөн мянга гурван зуун жаран/ төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс зарцуулсан нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “төсвийн болон ... хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам”-ын 1.5-д заасан “Сангийн хөрөнгө нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдана” гэснийг тус тус зөрчсөн;
  5. Тариалан сумын Засаг даргын 2014 оны А/19, А/71, А/104, А/119 дугаар захирамжаар тус тус хөрөнгө гаргахдаа Сангийн сайдын 2012 оны 239 дугаар тушаалаар хүчингүй болсон “Орон нутгийн нөөц санг төлөвлөх, зарцуулах, гүйцэтгэлийг тооцох нийтлэг журам”-ыг үндэслэл болгосон;
  6. Улаангом сумын 2014 оны А/553 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 371 875 /гурван зуун далан нэгэн мянга найман зуун далан таван/ төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс гаргасан нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “төсвийн болон ... хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын 1.5. “Сангийн хөрөнгө нь сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход зориулагдана” гэж заасныг тус тус зөрчсөн /мөн Сум хөгжүүлэх сангийн данснаас 2014.11.26-ны өдөр 127 500 төгрөгийг урамшуулал утгатайгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэнбайв/; 
  7. Аймгийн Эрүүл мэндийн газар нь 2015 онд “Айвико Интернэшнл” ХХК-иас 2 ширхэг гемодиализын аппаратыг хандиваар авсан, мөн онд уг компанитай “Увс аймгийн сумдын эмнэлэг, Эмийн эргэлтийн сангуудад эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх” 61 669 075 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан “... хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, ... хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно”, Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 161, 162, 163, 164, 165, 166, 167, 168 дугаартай албан бичгүүдээр “Айвико интернэшнл” ХХК, “Мөнхийн тун” ХХК, “Монос фарм трейд” ХХК, “Монгол эм импекс” ХХК, “Монфа трейд” ХХК, “Цомбо” ХХК, “Нахиа импекс” ХХК, “Ази фарм” ХХК зэрэг нийт 8 байгууллагаас нийт 9 төрлийн төхөөрөмжийн хандив хүссэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, ... нийтийн албаны хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцаа ... хүсэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчжээ.

Авлигатай тэмцэх газраас Увс аймгийн Тэс сумын Засаг дарга З.Түмэндалай, Баруунтуруун сумын Засаг дарга М.Рагчаа, Өмнөговь сумын Засаг дарга Р.Төмөрчөдөр, Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг нарт Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Дулмаад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасан хариуцлагыг ногдуулах, Зүүнхангай сумын Засаг даргын 2014 оны а/60 дугаар захирамжийг хүчингүй болгох, зөрчлийг арилгуулах зэрэг арга хэмжээг авч, дүнг эргэн мэдээлэхийг Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнд албан бичгээр мэдэгдэв. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us