Гадаад мэдээний тойм
Лаосын төрийн өндөр албан тушаалтнууд төсвийн хөрөнгөөр өөрсдийн гэр хүртэл зам тавьжээ
Лаос. Төрийн өндөр албан тушаалтнууд тус улсын төв зам, талбайд зарцуулах хөрөнгөөр өөрсдийн амины сууц хүрэх замыг барьж байгаад энгийн иргэд дургүйцэж байгаа аж. Нийтийн ажил, үйлчилгээ, тээврийн яам 5 метр өргөн, 600 метр урт, 400 сая лаос кипийн өртөг бүхий замыг Улс төрийн товчооны гишүүн, Лаосын Авлигатай тэмцэх газрын дарга болон Засгийн газрын хянан шалгах хорооны даргын гэр хүртэл тавихаар баталсан байна.
Нэрээ хэлэхээс татгалзсан Вьентьяаны оршин суугч “Яагаад дарга нар бүгд ижилхэн байдаг юм? Тэд тосгонд амьдардаг хүмүүст зам хэрэгтэй гэдгийг бодохгүй байна. Зөвхөн өөрсдийн гэр лүү зам тавьж байна. Тэд юу чухал гэдгийг боддоггүй юм уу” гэжээ. Харин Нийтийн ажил, үйлчилгээ, тээврийн газрын дарга Детсонкам Таммавонг “Чөлөөт Ази” радиогийн сурвалжлагчид ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Авлигын хэргийн улмаас Гватемалын Ерөнхийлөгч хэд хэдэн яамны сайдыг огцруулав
Гватемал. Авлигын хэргийн улмаас өрнөөд буй улс төрийн шуугианы үеэр Гватемалын Ерөнхийлөгч Отто Перес хэд хэдэн яамны сайдыг огцруулав.
Тэрээр Дотоод явдлын яамны сайд болон Эрчим хүч, хүрээлэн буй орчны яамны сайд, Тагнуулын байгууллагын дарга болон бусад өндөр албан тушаалтнуудыг тус улсад сүүлийн үед гарсан олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглааны улмаас огцруулснаа мэдэгдсэн байна. “Төрийн албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашигласан асуудлыг шалгаж байгаа мөрдөн байцаагчдыг Засгийн газрын зүгээс дэмжин ажиллах болно” хэмээн чөлөөнд гарсан армийн генерал сурвалжлагчид мэдэгджээ.
Есдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болж буй энэхүү хэрэг явдалтай холбоотой шуугиан Ерөнхийлөгчийн тэргүүлдэг консерватив эх орон намын нэр хүндэд хүндээр тусч байна. Учир нь Дотоод явдлын сайд асан Маурисио Лопес Бонила, Төв банкны захирал Жулио Суарез, Нийгмийн хамгааллын хүрээлэнгийн захирал асан Родригес нар нь бүгд түүний ойрын хамсаатнууд ажээ. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар ерөнхийлөгч нь дахин сонгогдох боломжгүй юм.
Тайландын Засгийн газар төрийн албан хаагчдын үндсэн цалинг өөрчлөх бодолтой байна
Бангкок. Тус улсын Ерөнхий аудитын газар иргэдийг төрийн албанд татах, төрийн албан дахь хээл хахуулийн асуудлыг бууруулах зорилгоор төрийн албан хаагчдын үндсэн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоохоор судалгаа хийж байна.
Одоогийн төрийн албан хаагчдын цалинг байгууллагууд нь өрсдөө тогтоодог ажээ. Тухайлбал, шүүгчдийн цалин бусад төрийн албан хаагчдынхаас өндөр байдаг. Цалингийн шинэ бүтцээр бага орлоготой төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр тусгасан бөгөөд яг ижил түвшний албан хаагчид өөр байгууллагад ялгаатай цалин авч байгааг өөрчлөх юм. Нөгөө талаас авлигатай тэмцэх нь Засгийн газрын зорилтуудын нэг тул төрийн албан хаагчдын цалинг шинэчлэх нь энэ асуудлыг шийдвэрлэхэд ач тустай. Үүнээс гадна төрийн худалдан авалт болон төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид авлигын хэрэгт холбогдсон нөхцөлд ялыг чангатгах хуулийн төслийг санаачлаад байгаа аж.