Jun 08, 2015         7

Дмитро Котяр: Авлигатай тэмцэх бие даасан институцээ татан буулгавал Монголын хувьд маш том ухралт болно

iaacДэлхийн эдийн засгийн хөгжил, худалдааг дэм­жих зорилгоор нэгдсэн өндөр хөгжилтэй, хурдацтай хөгжиж буй 34 орноос бүрддэг OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын шинжээчдийн баг авлигын эсрэг хэрэгжүүлж буй Монгол Улсын бодлого, үйл ажиллагаатай танилцаж, үнэлгээ өгөхөөр өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотноо ажилласан юм. Монгол Улс нь тус байгууллагын санаачилсан Авлигын эсрэг үйл ажиллагааны Истанбулын төлөвлөгөөнд 2012 онд нэгдсэн бөгөөд энэ хүрээнд авлигатай тэмцэх чиглэлээр Монгол Улсад өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлж дүгнэхээр ирсэн байна. Энэ талаар тус байгууллагын шинжээчдийн багийн ахлагч, Авлигын эсрэг сүлжээний зөвлөх Дмитро Котяртай ярилцсан юм. 

-Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага авлигатай тэмцэх чиглэлд Монгол Улстай хэзээнээс хамтарч эхэлсэн бэ. Энэ удаа танай шинжээчдийн багийн айлчлалын зорилго юу байсан талаар яриагаа эхлэх үү? 

-Монгол Улсын хувьд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн биш. Гэхдээ манай байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээ хөтөлбөрийн Авлигын эсрэг үйл ажиллагааны Истанбулын төлөвлөгөөнд Монгол Улс 2012 онд нэгдсэн байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд тухайн улс орны авлигын байдал, авлигын эсрэг хэрэг­жүүлж буй бодлого, үйл ажил­лагаанд хамтарсан дүгнэлт хийж, сайжруулах тал дээр зөвлөмж өгөөд, зөвлөмжийнхөө хэрэгжилтийг тогтмол хуга­цаанд хянаж, дүгнээд явдаг. Өнгөрсөн жил бид Монголд анх удаа судалгаа явуулж, үнэлгээ хийснийхээ дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард Парист болсон хуралдааны үеэр зөвлөмж өгсөн. Харин одоо тэдгээр зөвлөм­жийнхөө хэрэгжилт, үр дүнтэй танилцахаар ирээд байгаа маань энэ. Өнгөрсөн жилийн хувьд бид янз бүрийн салбарыг хамарсан нийт 19 зөвлөмж өгсөн. 

-Бүтэн долоо хоног ажил­ласан гэсэн? 

-Тийм ээ. Долоо хоног ажиллахдаа Засгийн газрын төлөөллүүдтэй уулзаж, авли­гын эсрэг бодлого, Эрүүгийн хууль дахь авлигатай хол­бог­дох зүйл заалтууд, Ав­ли­гын гэмт хэрэг, мөн авлигаас сэргийлэх чиглэлд төрийн албаны шинэчлэл, олон нийтийн санхүүгийн хяналт, аудит, шүүх засаглал болон бизнесийн хамтын ажиллагаа, мэдээллийн ил тод байдал зэрэг олон сэдвээр уулзалт, хэлэл­цүүлэг зохион байгууллаа. Үүнээс гадна илүү дэлгэрэнгүй, өргөн хүрээг хамарсан, боди­той мэдээлэл, тоо баримт цуглуулахын тулд төрийн бус байгууллага, бизнесийн, олон улсын байгууллага, Элчин сайдын яамдын төлөөллүүдтэй тусгай уулзалт хийсэн. Удахгүй ноорог тайлангаа гаргаж, Монголын Засгийн газарт ил­гээн зарим нэг тайлбар авсны дараа эцсийн байдлаар нэгтгээд, ирэх аравдугаар сарын 7-9-нд Парис хотноо болох хуралдаанаар танилцуулж хэлэл­цүүлэн шинэ зөвлөмж өгөх юм. Үүнээс гадна дээр дурдсан 19 зөвлөмж бүр дээр хэрэг­жилтийг нь оноогоор үнэлж, нарийвчилсан мэдээлэл бэлтгээд, ирэх арваннэгдүгээр сард Монголд ирж, хэвлэл мэдээллийнхнийг албан ёсоор цуглуулж олон нийтэд дэлгэ­рэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна. 

-Зөвлөмжийн хэрэгжилт ямаршуухан байгааг дүгнэ­хэд хугацаа шаардана гэд­гийг та хэллээ. Гэхдээ өнгөр­сөн до­лоо хоногийн хугацаанд энд ажил­лахдаа авсан мэдээллүүд дээр үндэслээд ерөнхийд нь хэлэ­хэд Монгол Улс өнгөрсөн нэг жилд хэр их ахиц гаргаж вэ? 

-Олон өөр салбар, сэдвээр хоорондоо эрс ялгаатай, нарийв­чилсан зөвлөмж өгсөн болохоор бүгдийнх нь хэрэг­жил­тийг ерөнхийд нь дүгнэж хэлэх боломжгүй л дээ. Гэхдээ Авлигын эсрэг хууль эрхзүйн орчний шинэчлэлээр Монгол Улс багагүй дэвшил гаргасан байна. Эрүүгийн хуулийн авли­гын эсрэг заалтын хам­рах хүрээг илүү тодорхой болгож, олон улсын жишигт нийцүүлэхээр ажиллаж байгаа нь сайшаалтай. Мөн энд зориуд дурдахад улс төрийн намуудын санхүүжилтийг хуульчлахаар яригдаж байгаа нь маш чухал. Хамгийн гол нь улс төрийн санхүүжилтийг нээлттэй, ил тод байлгах тогтолцоог бий болгохын тулд иж бүрэн шинэч­лэл хийх хэрэгтэй. Цаашид хийх зүйл маш их байна. Гэхдээ одоогийн бодлого үйл ажиллагаанаас харахад Монгол Улс авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааны хувьд зөв чиг­лэлд явж байгаа, явахыг хичээж байгаа гэж хэлмээр байна. 

-Манай улс одоогоос найман жилийн өмнө авлига­тай тэмцэх бие даасан, хараат бус институцтэй болсон. Таны бодлоор түүнээс хойш өнгөрсөн хугацаанд авлигын эсрэг хэр үр дүнтэй тэмцсэн гэж харж байгаа вэ. Ер нь үр дүн гараагүй, авлигатай тэмцэх ийм тусгай институц байх шаардлагагүй гэж үздэг хэсэг бас бий. Олон улсын жишиг нь ямар байдаг юм бэ? 

-Дэлхийн олон улс орон авлигатай тэмцэх бие даасан институцтэй. Гэхдээ үйл ажил­лагааны цар хүрээ, тусгайл­сан чиг үүргээсээ хамаараад загварын хувьд ялгаатай л даа. Зарим нэг улс нь авлигаас сэргийлэх, нөгөө нь авлигын гэмт хэргийг мөрдөх, илрүүлэх чиг үүрэгтэй хэд хэдэн агентлагтай байхад өөр хэсэг нь Монгол шиг нэг институцтэй байдаг. Монгол дахь институцийг сайн загвар гэж үздэг. Тиймээс ч дэвшил гаргаж чадаж байгаа. Харин байх шаардлагагүй гээд татан буулгах юм бол Монголын авли­гын эсрэг тэмцэлд гарцаагүй маш том ухралт болно. Тиймээс бидний зүгээс энэ институцийг үгүй болгох биш улам хүчир­хэгжүүлэхийг тууштай дэм­­жиж байгаа. Боловсон хүч­ний хувьд ч чадваржуулж, салбар бүрээр нь тусгайлан мэргэшүүлэх, сургах, орон тоог нь нэмэгдүүлж, боломжтой бол орон нутагт салбаруудтай болгох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, прокурор, эрүүгийн хэргийн шүүх зэрэг хууль хэрэгжүүлэгч бусад байгууллагыг ч зөвхөн авлигын гэмт хэргийн чиглэлээр нарийн мэргэшсэн боловсон хүчнээр хангах тал дээр анхаарч, өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгтэй. Шүүх засаглалд мөн шинэчлэл шаардлагатай байна. Учир нь, өнөөдөр Мон­голын шүүх засаглал хангалт­тай хараат бус байж чадахгүй байна. Шүүгчдийн сонгон шалга­руулалт, Шүүхийн ерөн­хий зөвлөлийн удирдлагын томил­гоо зэрэгт Засгийн газар, УИХ зэрэг улс төрийн байгуул­лагуудын оролцоо хэтэрхий их байна. Эдгээр үйл явцыг улс төрийн оролцооноос бүрэн ангижруулах нь туйлын чухал. Энэ мэтчилэн өөрчлөлтүүдийг хийчих юм бол Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа илүү үр дүнтэй болно. 

-Нэг ийм маргаан яваад байдаг юм. Цагдаа, прокурор, шүүгч нар гээд хууль хянал­тын байгууллагыхны хол­богд­сон авлигын хэргийг Авлигатай тэмцэх газар шалгах нь буруу гэж. Энэ талаар та юу хэлэх вэ. Олон улсын зөв туршлага, жишиг нь ямар байдаг юм бол?

-Авлигатай тэмцэх газар, энэ бие даасан институц үнэхээр л бие даасан, хараат бус юм бол улстөрч, шүүгч, про­курор гээд бүх салбар, төвш­ний албан тушаалтны хол­богдсон авлигын хэргийг шалгахад асуудалгүй. Юун төлөө авлигатай тэмцэх тусгай үүрэгтэй институц байгуулсан билээ. Тэр бүү хэл энэ институц зүгээр нэг эмнэлэг, сургуулийн ажилтантай холбоотой энгийн, доогуур төвшний хэргийг цагдаагийн байгууллагад ч юм уу даатгаад, улстөрчид, шүүх, прокурорынхонтой холбоотой илүү өндөр төвшний авлигын хэрэгт анхаарлаа хандуулах нь зүйтэй. 

-“Транспэрэнси Интер­нэшнл”-ээс гаргадаг индек­сээр манай улсад авлигын төвшин аажмаар ч гэсэн буурч байгаа гэж дүгнэж болохоор байгаа. Харин бодит байдал дээр өөрчлөлт ямар байгаа талаар хөндлөнгийн шинжээчийн хувьд юу гэж дүгнэж байна вэ? 

-Энэ тал дээр бол дотор нь амьдарч буй та бүхэн л илүү бодитой дүгнэлт өгөх болов уу. Ерөнхийдөө индексээс харсан ч өөрийн авсан мэдээлэл дээр үндэслэн хөндлөнгийн шинжээчийн нүдээр харахад ч эерэг өөрчлөлт, ололтууд гарч байгаа. Гэхдээ л хангалттай биш. Авлига, хээл хахууль Монголын хувьд санаа зовоосон, ноцтой асуудлуудын нэг хэвээрээ байна. Энд ирээд нэг зүйлийг анзаарч байхад хэдийгээр авлига ноцтой асуудал хэвээрээ байгаа ч яг өнөөдрийн байдлаар эдийн засгийн хүндрэлтэй хол­­боотойгоор олон нийт авлигын асуудалд анхаарал хандуу­лахгүй, чухалчилж үзэхгүй байх шиг байна. Авлигыг яаж бууруулах вэ гэдгээс илүү өнөөдрийн идэх хоол яаж олох билээ гэдэгт илүү санаа зовж байх шиг санагдсан. Уг нь авлигатай тэмцэнэ гэдэг зөвхөн энэ институцийн хийх ажил биш л дээ. Шүүх, прокурор, хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийт бүгд оролцож байж шийдэгдэх асуу­дал. Биеэ даасан институцээс гадна хараат бус шүүх, проку­рорын байгууллага, мэргэж­лийн, улс төрөөс хараат бус төрийн алба, мэдээллийн хүртээмжтэй ил тод байдал, хэвлэлийн эрх чөлөө, улс төрийн санхүүжилтийн зөв тогтолцоог гээд олон хүчин зүйлээс шалтгаална. Бүгд хоорондоо уялдаа холбоотой. 

-Дэлхийн улс орнуудаас сүүлийн үед авлигыг боги­но хугацаанд хамгийн амжилт­тай бууруулж чадаж байгаа орнуудын жишээг хэлж болох уу?

-Зөвлөлт Холбоот Улсын задралаас хойш Эстони, Литви, Латви улс авлигатай хийсэн тэмцэлд хамгийн их дэвшил гаргасан гэдгийг дэлхий нийтээрээ л мэддэг. Польш, Румыныг мөн дурдаж болно. Тэдгээр улсын хувьд бие даасан, маш хүчирхэг институцийг бий болгож, хууль эрхзүйн орчноо өөрчлөн шинэчилж чадсан. Бие даасан институцтэй болсноороо авли­гыг бууруулах тал дээр амжилт олж байгаа өөр нэг орон бол Словени. Азид Хонконг, Сингапур бол сонгодог жишээ. 

-Амжилт олсон барууны орнуудтай харьцуулахад ийм богино хугацаанд амжилттай шинэчлэл өөрчлөлт хийхийн тулд бид бодлогын хэрэгжилт дээр хатуу хандах хэрэгтэй байх. 

-Үнэхээр шинэчлэл хийх л гэж байгаа бол хатуу хандах нь мэдээж зүйтэй. Авлига гэдэг бол гэмт хэрэг. Гэмт хэрэг хийсэн л бол зохих шийтгэлийг хүлээлгэж байж шударга ёс тогтоно. Хамгийн гол нь албан тушаал, намын харьяалал, танил талаар ялгаварлах асуудал байж болохгүй. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Хатуу, гэхдээ шударга, эрх тэгш. Гэхдээ хатуу байна гээд хүний эрхийг зөрчих асуудал байж болохгүй. Тодорхой хэмжээний залхаан цээрлүүлэлтгүйгээр аливаа гэмт хэрэгтний авлига, хээл хахууль авахыг зогсоох боломжгүй. Гэхдээ нөгөөтэйгүүр сэргийлэх бодлого, арга хэмжээ чухал. Жишээ нь, улс төрийн албан тушаалтнууд өндөр цалинтай байх нь зүйтэй. Төрийн албан хаагчид өндөр нэр хүндтэй, хангалттай хэмжээний цалин­тай байх нь зүйтэй. Дээр нь, тэр албан тушаалд хүрэхэд илүү өндөр шаардлагатай, өрсөлдөөнтэй, өрсөлдөөн нь шударга байх хэрэгтэй. 

 

Үндэсний шуудан сонин
Б.Нарантуяа

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us