Jun 09, 2015         3

Монголбанкны удирдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг тус тус үндэслэн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Монголбанкны удирдах албан тушаалтнуудын 2011-2014 онуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгалаа.

Мэдүүлгийн хяналт шалгалтаар албан тушаалтнуудын дийлэнх нь хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргах заавар, зөвлөмжтэй сайн танилцаагүй, мэдүүлгийг гаргахдаа нягталж шалгадаггүй, хайнга ханддаг, гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийг мэдүүлдэггүй, хөрөнгө борлуулсны орлого мэдүүлдэггүй, бусдад худалдсан тээврийн хэрэгслийг худалдан авсан иргэний нэр дээр шилжүүлээгүй, цалингийн орлогыг гарт олгосон дүнгээр мэдүүлэх, худалдан борлуулсан хөрөнгийн орлого, эзэмших эрх бүхий газар, гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан компани, хувьцааг мэдүүлээгүй, харилцах данс, картын данс, бэлэн мөнгөний үлдэгдлийг оны эцсийн үлдэгдлээр бус, мэдүүлэг гаргах үеийн байдлаар мэдүүлсэн зэрэг нийтлэг зөрчил гаргасан байна.

Хяналт шалгалтын хүрээнд Монголбанкны газар, хэлтсийн захирал 10 албан тушаалтанд илэрсэн зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж өөрсдөд нь анхааруулах, 7 албан тушаалтанд хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн үндэслэлээр хариуцлага тооцуулахаар Монголбанкны захиралд албан бичгийг хүргүүллээ.

Авлигатай тэмцэх газраас дээрх нийтлэг зөрчлүүдийг арилгах, аливаа алдаа, зөрчлийг дахин гаргуулахгүй байхад чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us