Булган аймгийн Булган сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс мэдэгдэл, тайлбар гаргуулаагүй байв
Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийг хянан шалгах ажиллагааг Булган аймгийн Булган суманд хэрэгжүүлэх явцад дараах зөрчил, дутагдал илэрлээ.
- Тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2014 онд 18 удаа болж, 101 асуудал хэлэлцсэн, 2015 онд 5 удаа болж, 24 асуудлыг хэлэлцсэн байхад хуралд оролцсон төлөөлөгчдөөс хуульд заасны дагуу нэг ч мэдэгдэл, тайлбарыг гаргуулаагүй байна.
- Булган сумын ИТХ-ын төлөөлөгч, Тохижилт үйлчилгээний ангийн менежер Д.Баасансүрэн нь 2014 оны, тус сумын ахлах сургуулийн сургалтын албаны менежер Б.Энхмаа, Ш.Чулуунцэцэг нар 2013 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлээгүй байв.
- Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар 2014 онд 4, 2015 онд 2, нийт 6 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулахгүйгээр томилжээ.
Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, албан тушаалтны мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны болон 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цаасаар буюу цахимаар мэдүүлсэн, “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай” мэдэгдэл, тайлбарыг гаргасан, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсан, тэдгээрийн шийдвэрлэлтийн байдлыг хянан шалгах ажиллагаа орон нутагт үргэлжилж байна.