Jun 11, 2015         3

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын албан тушаалтнууд хууль зөрчиж хандив цуглуулжээ

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь аймаг, тус аймгийн Айраг, Даланжаргалан, Замын-Үүд, Өргөн, Сайншанд, Хатанбулаг, Эрдэнэ сумын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох хяналт шалгалт хийж, авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, сурталчлах чиглэлээр ажиллаж байна.

Ажлын хэсгээс орон нутгийн төрийн байгууллагын удирдах ажилтнууд, нийтийн албан тушаалтнуудад “Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт: Орон нутгийн нөхцөл байдал”, “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, сумын иргэдэд “Мэдэх эрх”, “Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл” сэдвээр тус тус сургалт хийв. Сургалтад одоогоор нийт 684 иргэн, нийтийн албан тушаалтныг хамруулаад байна. Төрийн байгууллагаас тогтоосон төлбөр, хураамжтай холбоотой асуудлаар иргэд илүүтэй асууж сонирхож байлаа. 

Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, удирдлагаас батлан хэрэгжүүлж буй тогтоол, тушаал, шийдвэрүүд, Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан болон бусад төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцах явцад ой тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор сумын Залуучуудын холбооны нэр дээр арилжааны банкинд данс нээж хандив цуглуулах арга хэмжээг зохион байгуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг зөрчжээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 90 жилийн ой 2014 оны 7 дугаар сарын 23, 24-ний өдөр болсон атал дансанд хандив төвлөрүүлэх ажил өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгааны ажлыг Дорноговь аймагт үргэлжлүүлж байна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us