Авлигаас ангид, сайн засаглалын туршлага шалгаруулав /2012.12.09/
НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан. Монгол Улс энэ өдрийг 6 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн хувьд авлигаас ангид, сайн засаглалын туршлагыг шалгаруулах ёслолын ажиллагааг Монголын Үндэсний олон нийтийн телевизийн 600-гийн студиэс шууд дамжуулан үзүүллээ.
Улсын хэмжээнд нийт төрийн байгууллагуудаас төрийн үйлчилгээг авлигаас ангид, хүнд сурталгүй хүргэх, сайн засаглалыг бэхжүүлэх үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулсан, энэхүү үйл ажиллагаагаараа нийт 9 байгууллага болон төрийн албан хаагч шалгарчээ.
Булган аймгийн Эрүүл мэндийн газар, Завхан аймгийн Боловсрол, соёлын газар, Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Төр-иргэний нийгэм-хувийн хэвшлийн 3 талт түншлэлийн хороо, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Зархум, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан Я.Ууганбаяр, нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алтангэрэл, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Гантуяа нар авлигын эсрэг олон улсын өдөр шагналаа гардан авлаа.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баярцэцэг, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Д.Сүхбаатар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Францис Донован, “Мерси Кор” олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Женнифер Л.Бүүтс нар шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцож, авлигаас ангид, сайн засаглалын туршлагаар шалгарсан хүмүүст шагналыг гардуулав.