Хараат бус байдлыг хангах нь авлигатай тэмцэх байгууллагыг амжилтад хүргэх баталгаа болно
Авлигын эсрэг амжилттай тэмцсэн улс бол Сингапур, Хонконг юм. Эдгээр улсын авлигатай тэмцэх байгууллага авлигын эсрэг үйл ажиллагаанд голлох үүрэгтэй оролцож, маш богино хугацаанд амжилтад хүрсэн байдаг. Харин Бангладеш, Энэтхэг зэрэг улсад авлигатай тэмцэх байгууллага яагаад амжилтад хүрэхгүй байна вэ? Харвардын их сургуулийн профессор Нурул Ислам “Бангладеш Улс дахь авлига, авлигыг хянах, өөрчлөлтийг чиглүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл гаргажээ. Уг номд Бангладеш дахь авлигын шинж байдлын талаар өргөн хүрээний мэдээлэл болон тус улсын авлигатай тэмцэх байгууллага яагаад амжилтад хүрэхгүй байгаа зэргийг тодорхой авч үзсэн байна.
Бангладеш Улсын авлигатай тэмцэх байгууллагын удирдлагын нэрлэж байсанчлан тус улсын авлигатай тэмцэх байгууллага нь “шүдгүй арслан” шиг байгаа юм. Нурул Исламын үзэж байгаагаар ерөнхийдөө авлигатай тэмцэх байгууллагуудын үйл ажиллагааг зөвхөн нэг хуульд нарийн тусгаснаар амжилтад хүрэхгүй юм байна. Авлигатай тэмцэх байгууллагыг амжилтад хүргэхийн тулд хуулиас гадна хараат бус байдлыг нэмэгдүүлэх үндсэн дөрвөн шалгуурыг хангах ёстой ажээ. Үүнд:
- Гүйцэтгэх засаглалын хяналтаас гадуур байх,
- Санхүү болон байгууллагын үйл ажиллагааны хувьд бие даасан байх,
- Албан хаагчдын томилгоо нь хараат бус байх,
- Гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны хувьд бие даасан байх зэрэг юм.
Дээрх дөрвөн шалгуурын хувьд хараат бус байх явдлыг хангах нь зөвхөн авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагааг амжилттай явуулахад баталгаа болохоос гадна тухайн байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг хэмээн тэрээр үзэж байна.
Уг бүтээлийг дараахь холбоосоор орж үзэх боломжтой юм.
http://www.bids.org.bd/publication/Corruption,%20Its%20Control%20and%20Drivers%20of%20Change.pdf