Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Бангладеш улсын Авлигын эсрэг хорооны тэргүүн дэд дарга Шахидуззаманыг хүлээн авч уулзав
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Бүгд Найрамдах Бангладеш Ард улсын Авлигын эсрэг хорооны тэргүүн дарга Шахидуззаманыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням оролцлоо.
Уулзалтын эхэнд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинарт оролцож байгаад талархал илэрхийлэв. Тэрээр “Бид гадаад улс орнуудын авлигатай тэмцэх чиг үүрэгтэй нэлээд олон байгууллагатай хамтран ажилладаг. Бангладеш улсын Авлигын эсрэг хороотой хамтран ажилласнаар хоёр талд харилцан туршлага солилцох, албан хаагчдаа мэргэшүүлэн сургах, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэнэ” гэлээ.
Бангладеш улсын Авлигын эсрэг хорооны тэргүүн дарга Шахидуззаман олон улсын нэр хүндтэй хурлыг улс орондоо зохион байгуулж буйд талархлаа илэрхийлээд, авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа мэдэгдэв. Тэрээр хууль хяналтын байгууллагад 30 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагад улс төрийн ямарваа нэгэн дарамт, шахалт тулгарч байдагт сэтгэл зовниж явдгаа илэрхийллээ.
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, Бангладеш улсын Авлигын эсрэг хорооны тэргүүн дарга Шахидуззаман нар авлигатай тэмцэх байгууллагын хараат бус, бие даасан байдлын талаар ярилцаж, санал бодлоо солилцов.
Бангладеш улсын Авлигын эсрэг хороо нь 2004 онд байгуулагдсан бөгөөд бие даасан, өөртөө захирагддаг, төвийг сахьсан статустай юм байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, судалгаа хийх, авлигын шалтгааныг олж тогтоох зэрэг чиг үүрэгтэй ажээ.