Nov 19, 2015         5

З.Баасанням: Авлигатай тэмцэх газрын олон улсад эзлэх байр суурь өссөөр байна

Авлигатай тэмцэх газрын олон улсад эзлэх байр суурийн асуудлаар тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа.

-Монгол Улсад Авлигатай тэмцэх газар байгуулагдаад нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Энэ байгууллагын үүсэл хөгжил нь НҮБ-ын Авлигын эсрэг конвенциэс эхтэй гэдэг. Манай улс энэ конвенцид хэзээ нэгдэн орсон бэ?   

-Авлигатай нэг улс дангаараа тэмцсэнээр үр дүнд хүрэхгүй. Харин олон улсын хэмжээнд хамтран тэмцэхээс өөр аргагүй гэдгийг НҮБ тодорхойлж, 2003 онд Авлигын эсрэг конвенцийг баталсан. Авлига нь тухайн улс орны нийгмийн тогтвортой байдалд, мөн үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж, ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж байгааг Авлигын эсрэг конвенц удирдтгал хэсэгтээ дурдсан байгаа. Конвенцийг батлах гаргах хамгийн том шалтгаан бол энэ юм. Олон улсын түвшинд хүлээсэн үүргээ биелүүлэх, дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүнийхээ хувьд авлигын эсрэг улс орнуудын санаа нэгтэй тэмцэлд өөрийн хувь нэмрийг оруулж, ямагт идэвхтэй байр суурь баримтлах нь манай улсын эрх ашиг гэдэг нь тодорхой. Тиймээс 2005 оны 10 дугаар сард Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг соёрхон баталснаар нэгдэн орсон. Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болсон. Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл гэж үздэг.   

-Авлигатай тэмцэх газар олон улсын тавцанд ямар байр суурь, оролцоотой байдаг вэ?

-Монгол Улс авлигатай хийж байгаа олон улсын үйл ажиллагаанд идэвхтэй байр суурь баримталж байна. Гэмт хэрэг, тэр тусмаа авлига, албан тушаалын гэмт хэрэг гэдэг нь аль нэг улсын хилээр хязгаарлагддаггүй. Авлигатай тэмцэхэд олон улсын хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын хамтын ажиллагаа тун чухал. Тийм учраас олон улсын агентлагууд, хөрш орнууд болон тодорхой улс орны ижил чиг үүрэгтэй байгууллагуудтай нягт холбоо тогтоож, Интерпол, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба зэрэг бусад байгууллагатай мэдээлэл солилцон, хамтарч ажиллаж байна. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлхээ холбоо, мөн Авлигатай тэмцэх газрын санаачилга, идэвхтэй байр суурь нь авлигатай тэмцэх асуудлаарх олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд нэмэгдэж байна гэж хэлж болно.

-Тодорхой улс орны ижил чиг үүрэгтэй байгууллагуудтай харилцаа тогтоож ажилладаг гэлээ. Тухайлбал, ямар улс орны авлигатай тэмцэх байгууллагуудтай хамтран ажиллаж байна вэ?

-Авлигатай тэмцэх ажлыг зөвхөн нэг улс орны үйл ажиллагаа гэж төсөөлөх аргагүй цаг үед та бид амьдарч байна. Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх үйл ажиллагаа гадаад харилцаа, хамтын ажиллагаагүйгээр үр дүнд хүрэхгүй болжээ. Учир нь авлига бол дэлхий нийтийн анхаарал татсан асуудал болоод байгаа. Авлигатай тэмцэх газар нь бусад улс орнуудын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бэхжүүлэх зорилгоор олон улсын хэмжээний арга хэмжээ, хөтөлбөрүүдэд байнга идэвхтэй оролцдог. Одоогийн байдлаар бид БНХАУ-ын Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газар, БНСУ-ын Авлигын эсрэг, хүний эрхийн комисс, Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хороо зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Малайз, Сингапур, Хонгконг, Бутан, Тайланд зэрэг улс орны авлигатай тэмцэх байгууллагуудтай харилцаа холбоо тогтоон ажиллаж байна. Түүнчлэн НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Канадын Төрийн албаны хороо, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.

-Интерпол, Авлигын эсрэг олон улсын академи зэрэг авлигатай тэмцэх чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагуудтай ямар түвшинд хамтарч байгаа вэ?

-Интерполын түвшинд өмнө нь хүний наймаа, хар тамхи мансууруулах бодис, галт зэвсгийн наймааны тухай онцгойлон яригдаж, хамгийн сүүлд авлига жагсдаг байлаа. 2008 онд болсон Интерполын ерөнхий ассамблейн чуулганаар тэргүүн ээлжинд анхаарах асуудлын хамгийн эхэнд авлигыг нэрлэж, Интерпол өөртөө авлигын асуудал хариуцсан нэгж байгуулсан. Энэ байгууллагыг байгуулагдах цаг мөчөөс Монгол Улсын Авлигатай тэмцэх газар хамтран ажиллаж эхэлсэн. Хэрэг үйлдээд гадаадад дүрвэн зугтсан томоохон сэжигтнүүдийг илрүүлэх, шилжүүлэх үйл ажиллагаанд энэ харилцаа холбоогоо ашигладаг.

Монгол Улсын Их Хурал “Авлигын эсрэг академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-ийг 2012 онд соёрхон баталснаар манай улс тус академийн 64 дэх бүрэн эрхт гишүүн болсон. Олон улсын авлигын эсрэг академи нь авлигын асуудлыг тойрсон сэдвүүдийн хүрээнд сургалтууд зохион байгуулдаг олон улсад нэр хүндтэй академи. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар энэ байгууллагын албан ёсны гишүүний статустай. 2013 онд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Олон улсын авлигын эсрэг академийн дарга Мартин Кройтнертой хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Манай улс академийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоноор авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэргийг илрүүлж шийдвэрлэх чиглэлээр мэргэжилтнүүдийг сургах, давтан сургалтад хамруулах, тенхикийн туслалцаа авах, мэдээлэл солилцох зэргээр үр дүнтэй хамтран ажиллах боломж нээгдсэн, улмаар авлигатай тэмцэх ажлын үр дүн, өгөөж сайжирч байгаа.

-Авлигын эсрэг Ази, Номхон далайн орнуудын бүс нутгийн томоохон семинар Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэ арга хэмжээг өөрийн улс орондоо зохион байгуулахын ач холбогдол нь юу вэ?

-Бүс нутгийн авлигын эсрэг хамтын ажиллагааны ээлжит арга хэмжээг улс орондоо зохион байгуулах нь бидний хувьд нэр төрийн хэрэг. Үндсэндээ хоёр том хурал зохион байгуулж байгаа. Эхнийх нь Авлигын эсрэг санаачилгын Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалт юм. Энэ уулзалтын гол онцлог нь Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс боловсруулан гаргасан Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний талаар танилцуулна. Энэ үнэлгээ манай улсын авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагаанд маш чухал хувь нэмэр өгнө гэж бид харж байгаа.

Дараагийн хурал нь Авлигын эсрэг санаачилгын гишүүн улсуудын 13 дахь удаагийн бүс нутгийн семинар. Энэ нь хөгжлийн төсөл хөтөлбөрүүд дэх авлигатай тэмцэх стратегиэ оновчтой тодорхойлох гарцыг эрэлхийлэх хурал болно. Ази, Номхон далайн орнуудын Хууль сахиулах байгууллагуудын сүлжээ байгуулах эхлэл тавигдана. Улс орнууд авлига, мөнгө угаах, албан тушаалын гэмт хэргүүдийг мөрдөн шалгах арга техникээ, туршлагаа харилцан солилцох хурал болно. Цаашдын хамтын ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлох хурал байх болно. Ийм ач холбогдолтой хурлыг зохион байгуулж байна.

Улс орон бүр дотооддоо авлигын асуудлаа оновчтой тодорхойлох, нэгдсэн ойлголтод хүрэх, авлигатай олон улс, бүс нутгийн хэмжээнд хамтран тэмцэх арга ажиллагаа, зарчмаа нийцүүлэн хэрэгжүүлэх нь авлигаас үр дүнтэй урьдчилан сэргийлэх чухал алхам болдог. 

Ярилцсан Т.Мөнхтунгалаг

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us