Jun 04, 2015         3

Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа мэдээллийн мөрөөр хянан шалгав

Авлигатай тэмцэх газар иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авч хянан шалгаж байна. Хяналт шалгалтаар Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа, тэдгээрийн зарцуулалтын талаар нэлээд зөрчил илэрч байна. 

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн гишүүд нь 2013 онд тус сумын 90 жилийн ойн арга хэмжээнд зориулж тус сангаас сумын Засаг даргын орлогч Д.Өнөрболдын нэр дээр 10 сая төгрөгийн зээлийг зориулалтын бусаар гаргуулж зарцуулсан, мөн Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Засаг дарга Б.Оргилсайхан нь төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг ахлан ажиллах явцдаа бусдын гуйлтаар журамд заасан шаардлага хангаагүй болон өөр сумын иргэний хүсэлтийг үндэслэн зээл олгосон байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байх бөгөөд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа журмын зохицуулалтаар зөрчил гаргасан албан тушаалтанд ямар хуулийн дагуу хэрхэн хариуцлага тооцуулж ажиллах нь тодорхойгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил гарч болох нөхцөлийг бий болгож байх тул дээрх журмыг боловсронгуй болгох, зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа болон төсөл үр дүнтэй хэрэгжиж буй эсэхэд хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах талаарх албан бичгийг Авлигатай тэмцэх газраас Аж үйлдвэрийн яаманд хүргүүллээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us