Nov 10, 2015         4

Ази-Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинар Улаанбаатар хотод болно

-Удирдах зөвлөлийн уулзалтаар Монгол Улсын авлигын эсрэг бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагааны үнэлгээг танилцуулна-

Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ази-Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинар 2015 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. 

Удирдах зөвлөлийн уулзалтаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээнээс боловсруулан гаргасан Монгол Улсын тухай үнэлгээний тайланг танилцуулах юм. Түүнчлэн “Шударга байдлын үнэлгээ/шинжилгээ”, “Нийтийн албаны ёс зүйг удирдах тухай зарчим”-ын шинэчилсэн найруулга болон Авлигын эсрэг санаачилгаас цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэнэ. Гишүүн орнуудын хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг үйл ажиллагааны өнөөгийн явцын талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ Зөвлөх хороо болон ажиглагч нарын илтгэлийг сонсч, Авлигын эсрэг санаачилгын Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааны тайлантай танилцах юм байна. 

Монгол Улс нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээ болон Истанбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2012 онд нэгдэн орсон билээ. 2014 онд Авлигын эсрэг сүлжээ нь Монгол Улсын авлигын эсрэг бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагааны үнэлгээг боловсруулан гаргасан юм. Үнэлгээг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын аргачлалаар буюу тус сүлжээний гишүүн орнуудад авлигатай тэмцэх чиглэлээр ажилладаг ижил түвшний мэргэжилтнүүдээр хийлгэсэн байна. Удирдах зөвлөлийн уулзалтын үеэр тус сүлжээний Нарийн бичгийн дарга нарын газар болон Монгол Улсын Авлигатай тэмцэх газар хамтран уг үнэлгээний талаар танилцуулах юм. 

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй Ази-Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 13 дахь удаагийн семинарт авлига, мөнгө угаах, татварын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг хууль сахиулах байгууллагын ажилтнууд оролцох ажээ. Оролцогчид нь тодорхой кейс хэлэлцэж, өөрийн улсын туршлага, мөрдөн шалгах, яллах ажиллагаанд шаардлагатай арга хэрэгслийн талаар мэдээлэл солилцоод цаашид бүс нутгийн хэмжээнд дэлгэрүүлж болох сайн туршлагыг тодорхойлох юм байна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us