“Авлигагүй Сүхбаатарчууд” тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулав
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын дунд “Авлигагүй Сүхбаатарчууд” тэмцээнийг уламжлал ёсоор 3 дахь жилдээ зохион байгууллаа.
Тэмцээнийг эссэ бичлэг, илтгэл, дэвжээ тэмцээн гэсэн гурван төрлөөр явуулж, дүүргийн албан хаагчид авлигын эсрэг ойлголт, мэдлэгээ уралдуулав. Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн мэргэжилтэн Г.Нямдорж эссэ бичлэг болон илтгэлийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албадын хамтарсан 14 баг оролцсон “Дэвжээ” тэмцээнд Цагдаагийн хоёрдугаар хэлтэс тэргүүн байр, Засаг даргын Тамгын газрын баг хоёрдугаар байр, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баг гуравдугаар байр эзэлсэн юм.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан тэмцээнийг хааж үг хэлэхдээ “Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх, бататгах, авлигаас ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын илтгэх, үйл баримтыг бичгээр илэрхийлэх, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх зорилготой энэхүү тэмцээн жил ирэх бүр чанаржиж, улам өрсөлдөөнтэй болж байна” гэж онцлов.