Т.Мөнхтунгалаг: Хуульд заасан үндэслэл, журмын дагуу явж байгаа мөрдөн байцаалтын ажиллагааг зориуд улс төржүүлэх санаархал байна
Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг 2013 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас зарласан 17 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй үнэ бүхий тендерт эхнэр Г.Уянгын эзэмшилтэй “Говь повер” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан, 2015 онд дээрх компани нь улсын төсвөөс 4.8 тэрбум төгрөгийг үндэслэлгүйгээр авсан хэрэгт холбогдуулан шалгах явцдаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Г.Дэнзэнг шалгаж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор олон нийтэд гарч байгаа мэдээллүүдийг албаны эх сурвалжийн байр суурийг хүргэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас дараах тодруулгыг авлаа.
-Авлигатай тэмцэх газар “Хаан жимс” компанид, хувийн өмчид халдсан гэж мэдээлж байна. Энэ үнэн үү?
-Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалт явуулж байгаа эрүүгийн хэрэгт 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Г.Дэнзэн болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн орон байранд прокурорын баталсан үндэслэл бүхий тогтоолоор нэгжлэг хийсэн. Тухайн эрүүгийн хэрэгт холбоотойгоор “Хаан жимс” компанийн байранд нэгжлэг явуулаагүй.
-Н.Алтанхуягийг хуулийн төсөл боловсруулахтай зэрэгцэн Г.Дэнзэнг баривчиллаа гэсэн мэдээлэл бас гараад байгаа?
-Г.Дэнзэнг холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэг нь 2014 онд анх үүссэн хэрэг. Мөрдөн байцаалтын ажиллагаа явж байх хугацаанд Г.Дэнзэн нь гадаад улсад зорчиж байгаад ирсэн байдаг. Түүнийг ирсний дараагаар хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгчийн захирамжийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Хууль санаачлагчийнхаа хувьд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд санал авахаар албан бичиг ирүүлсний дагуу Авлигатай тэмцэх газраас холбогдох хуулийн төсөлд өгөх саналаа хүргүүлсэн. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу явж байгаа мөрдөн байцаалтын ажиллагааг зориуд улс төржүүлэх хандлага, санаархал чухам хэнд байгаа нь олон нийтэд илэрхий ойлгомжтой байгаа байх.
-Өмгөөлөгч Содномдорж, АТГ-ын мөрдөн байцаагч намайг дарамталсан тул өмгөөлөхөөсөө татгалзлаа гэж ярилцлага өгсөн байна. Мөрдөн байцаагч нь дарамталсан юм уу?
-Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нь бусдыг айлган сүрдүүлж, дарамтлах ямар ч шаардлага байхгүй. Ялангуяа байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгчийг дарамталж, сүрдүүлэх боломж ч байхгүй шүү дээ. Өмгөөлөгч маань өөрөө хуульч хүн, хуулиа сайн мэднэ, тэгээд ч мөрдөн байцаагчийн сүрдүүлэг дарамтад ордог өмгөөлөгч гэж хаана байхав. Өнөөдөр бид техник технологийн дэвшилд хүрсэн 21 дүгээр зуунд ажиллаж, амьдарч байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн өрөө тасалгаа болон албан байрны шат, коридор зэрэг нь дуу, дүрсний хяналтын камераар бүрэн тоноглогдсон байдаг. Энэ нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлэх, хүний эрхийг хэрхэн хангаж байгааг баталгаажуулах, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явсан эсэхэд хяналт тавих, ямар нэгэн гомдол, маргаан гарсан тохиолдолд асуудлыг үнэн зөвөөр нь шийдвэрлэх ач холбогдолтой байдаг юм. Өмгөөлөгч Д.Содномдоржийн гаргасан асуудалтай холбоотой хяналтын камерийн бичлэг, үнэмлэхийг Монголын Хуульчдын холбоонд хүргүүлсэн.