Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад зөрчил арилгуулах албан бичиг хүргүүлэв
Авлигатай тэмцэх газраас нэр бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийг дахин гаргуулахгүй байхад анхаарч ажиллах талаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсанд албан бичиг хүргүүлэв.
Тус газарт “Сүхбаатар дэвшил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Д.Цоожтой холбогдуулан иргэнээс ирүүлсэн гомдлыг үндэслэн шалгахад тэрээр өөрийн хувь эзэмшдэг “Мегаланд констракшн” ХХК-ийн захирал З-тэй Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах халуун усны байрыг гэрээ байгуулж түрээслүүлсэн болох нь тогтоогдов. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн үйлдэл юм.
Авлигатай тэмцэх газар 1800-1969 дугаарын утсаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй болон ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авдаг болно.