May 29, 2015         4

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хууль зөрчсөн тогтоолуудыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авахыг хүсэв

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Булган аймгийн төв болон нийт суманд Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд аймаг, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэртэй танилцаж хянан үзэхэд хуулиар олгогдоогүй эрх хэрэгжүүлсэн зөрчил түгээмэл байна. Энэ нь нийтээр дагаж мөрдөх аливаа шийдвэрийг гаргах явц ил тод, нээлттэй байх, олон талын оролцоог ханган хэлэлцүүлдэг байх зарчмыг алдагдуулж цаашлаад ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй байна. 

Тухайлбал, Хялганат багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн “Тосгоны “Хүндэт иргэн” цолны тэмдэг, 40 жилийн ойн медалийн загвар, журам батлах тухай” тогтоолыг батлахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тухайн асуудалтай холбогдолгүй заалтуудыг үндэслэж, хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн тус багийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн “Үнэ тариф тогтоох тухай” тогтоол нь Засгийн газрын 2010 оны “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-д тусгасан шаардлагуудыг хангаагүйн зэрэгцээ эрх хэмжээ хэтрүүлжээ. Бугат сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 13 дугаар тогтоолоор ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажиллах журмыг батлахдаа тухайн асуудалд холбогдолгүй заалтыг үндэслэсэн байв. Хангал сумын ИТХ-ын Тэргүүлэгчид Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн 2014 оны 16 дугаар тогтоолоор “Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлыг дүгнэх, урамшуулал олгох журам”-ыг баталснаар хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн байна. 

Авлигатай тэмцэх газраас дээрх хууль зөрчсөн тогтоолуудыг Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, хүчингүй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг эргэн мэдээлэх тухай албан бичгийг Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайханд хүргүүллээ. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us