Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгийн төрийн байгууллагын авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцав
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудад болон Сүмбэр, Сайнцагаан, Даланзадгад сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлт болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргасан байдал, тэдгээрийн шийдвэрлэлт, програмын ашиглалтын байдалтай танилцаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд, дээрх аймгуудын удирдах ажилтнуудад тус тус сургалт явуулах, заавар зөвлөмжөөр хангах зорилгоор ажиллав.
Ашиг сонирхлын зөрчил үүссэн буюу үүсч болзошгүй тохиолдолд гаргах мэдэгдэл, тайлбарыг Дундговь аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас гарч буй захирамж, тушаал, шийдвэр, үйл ажиллагаандаа гаргаж хэвшсэн, бусад аймгуудын ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын удирдлага болон холбогдох ажилтнуудаас тодорхой үйл ажиллагаа, шийдвэрт уг мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй байна. Ялангуяа тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, хяналт шалгалт явуулах, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тухайн шийдвэрийг гаргах буюу тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа эсэх талаар бичгээр тайлбарлаж, мэдэгдэхгүй байх зөрчил түгээмэл илэрчээ. Харин дээрх аймгуудад төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах Үнэлгээний хороонд гишүүнээр ажиллаж буй ажлын хэсгийн гишүүдээс уг мэдэгдлийг гаргаж хэвшсэн бөгөөд бүртгэлийг нь тухайн аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас хөтөлж, хэрэгжүүлж ажиллаж байна.
Нийтийн албанд шинээр болон цаашид тухайн байгууллагын зохион байгуулалтын нэгж дотроо ажлын байрны тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт нь өөрчлөлт орсны улмаас шилжүүлэн болон сэлгэн, туршилтын хугацаагаар томилох, Төрийн албаны тухай хуулийн хүрээнд тухайн албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор болсон тохиолдолд тэдгээрийг томилохын өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийгАвлигатай тэмцэх газарт ирүүлэх үйл ажиллагааг Дундговь аймаг 90 гаруй, Говьсүмбэр аймаг 80 гаруй, Өмнөговь аймаг 50 орчим хувийг тус тус хянуулжээ.
Ажлын хэсэг “Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг таниулах нь” нэртэй сургалтыг мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан, аймгийн удирдах ажилтан, мэдүүлэг гаргагч нийтийн албан тушаалтан, нийт 994 хүнд зохион байгууллаа.