Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
-Цаашид авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа мэдэгдлээ-
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хорооны нарийн бичгийн даргын орлогч Понгаек Вижитгол, Урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан Ютана Жаорунгрит, Гадаад харилцааны ажилтан Патама Полмай, Алиса Рукбанкерд нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон нар оролцлоо.
Уулзалтын эхэнд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ази, Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын 20 дахь удаагийн Удирдах зөвлөлийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинарт оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Тэрээр “Тайланд улсын Үндэсний Авлигын эсрэг хороо бол дэлхийд нэртэй байгууллага. Манай хоёр байгууллагын харилцаа 2011 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эхэлсэн. Бид энэхүү найрсаг харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай байна. Танай байгууллагатай байгуулсан санамж бичгийн хугацаа дуусч байгаа. Тиймээс санамж бичгийг сунган баталж, албан хаагчдаа мэргэшүүлэн сургах, харилцан туршлагаа солилцох чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хорооны нарийн бичгийн даргын орлогч Понгаек Вижитгол олон улсын нэр хүндтэй хурлыг улс орондоо зохион байгуулж байгаад талархлаа илэрхийлээд, тус байгууллагын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлав. Тэрээр цаашид авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа мэдэгдээд, хамтран ажиллах санамж бичигт тусгах саналаа Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдод өргөн барив. Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хорооны төлөөлөгчдөд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням байгууллагынхаа чиг үүрэг, бүрэн эрхийн талаар мэдээлж, хэлтэс, албадын үйл ажиллагааг танилцууллаа.
Тайландын Вант улсын Үндэсний Авлигын эсрэг хороо нь ёс зүй, шударга байдлыг сахиулах, авлигаас урьдчилан сэргийлэх, хөрөнгө хянан шалгах, авлигыг таслан зогсоох зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Үндэсний Авлигын эсрэг хороо нь Сенаттай зөвшилцсөний дагуу Хаанаас томилогдсон ерөнхийлөгч болон бусад 8 гишүүнээс бүрдэхээр Үндсэн хуульдаа заасан ажээ.