Дүүргийн тэргүүлэгчдэд нэмэгдэл урамшуулал олгодог шийдвэрийг хүчингүй болгуулав
Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн албан бичгийн дагуу нийслэлийн Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоол гаргаж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгов.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг нийслэлийн Налайх дүүрэгт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа тус дүүргийн ИТХ-аас батлан гаргасан дүрэм журмуудыг хянан үзсэн юм. Тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд нэмэгдэл урамшуулал олгодог нь хууль тогтоомжоор олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж Авлигатай тэмцэх газар үзэж, дээрх урамшуулал олгохтой холбоотой шийдвэрийг хүчингүй болгуулахаар албан бичиг хүргүүлсэн.
Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд сар бүр 15 мянган төгрөгийн нэмэгдэл урамшуулах олгохыг зөвшөөрсөн 2007 оны тогтоолыг хүчингүй болгосон талаар Авлигатай тэмцэх газарт хариу мэдэгдлээ.