“Сонгуулийн санхүүжилт шинэчлэлийн асуудал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Авлигатай тэмцэх газар, “Сонгогчдын боловсрол төв” төрийн бус байгууллага хамтран 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордны “А” танхимд “Сонгуулийн санхүүжилт шинэчлэлийн асуудал” сэдвээр УИХ-ын гишүүд, улс төрийн нам, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нээж үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа “Сонгуулийн санхүүжилт-шинэчлэлийн асуудал”, Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Шинэбаяр “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх 2014 оны судалгааны үр дүн”, “Сонгогчдын боловсрол төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Оюунтуяа “Сонгуулийн санхүүжилт: Тулгамдсан асуудал ба шийдэл” судалгааны дүнгийн талаар тус тус мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлэгт оролцогчид өнөөгийн сонгуулийн санхүүжилт болон сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудын санхүүжилтийг бүрдүүлэх механизм, сонгуулийн хандивын зарцуулалтын ил тод бус байдал, улс төрийн намуудын шударга бус өрсөлдөөн зэрэг нь өндөр түвшний авлига үүсэх үндсэн шалтгаан, нөхцөл болж байгаа талаар хөндөж, тодорхой чиглэлүүдээр санал солилцлоо.
Авлигатай тэмцэх газар УИХ-ын ээлжит сонгууль 2016 онд болохтой холбогдуулан 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө сонгуулийн болон улс төрийн санхүүжилтийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авахаар тусгаад байна. Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын санхүүжилтээр “Сонгогчдын боловсролын төв” төрийн бус байгууллага өнөөгийн сонгууль болон улс төрийн санхүүжилтийн тогтолцоонд тулгамдаж байгаа асуудлуудын талаар судалгаа явуулсан юм. Улс төрийн сонгуулийн санхүүжилт нь авлигын хэрэг зөрчил үүсэх эрсдэлийг үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг болохыг уг судалгааны дүн харуулж байгаад дүгнэлт хийж, тус төрийн бус байгууллагаас холбогдох Зөвлөмжийг боловсруулжээ. Мөн Авлигатай тэмцэх газраас тогтмол хийдэг “Улс төр, хууль хяналтын байгууллагуудын хүрээн дэх авлигын төсөөллийн судалгаа”-ны дүнгээр 3.58 гэсэн үзүүлэлттэй гарсан нь манай улсад өндөр түвшний авлига түгээмэл байгааг илэрхийлж байна.