Сэлэнгэ аймаг авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачилгатай ажиллаж байна
Авлигатай тэмцэх газар орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, авлигаас урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор аймаг, сумдад идэвхитэй ажиллаж байна.
Энэ он гарснаар тус газрын ажлын хэсэг Сэлэнгэ, Завхан, Төв, Хөвсгөл, Ховд зэрэг аймгууд, тэдгээрийн сумдад томилолтоор ажиллан, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, төрийн албан хаагчдад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөгөө чиглэлийг өгч, иргэд болон албан хаагчдад зориулсан сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулаад байна.
Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр АТГ-аас орон нутагт зохион байгуулсан ажлын мөрөөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид төлөвлөж буй үйл ажиллагааныхаа талаар Сэлэнгэ аймаг Авлигатай тэмцэх газарт мэдээлэл ирүүлсэн байна.
Тус аймаг, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын үр нөлөөг дээшлүүлж, авлигагүй орчин бүрдүүлэх, уг ажилд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог дэмжин ажиллах зорилтыг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган авлигын эсрэг үйл ажиллагааг төрийн байгууллагуудад эрчимжүүлэх, шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ хүрээнд “Авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” аймгийн Засаг даргын А/116 тоот захирамж гарган аймгийн хэмжээнд сарын аян зохион байгуулж, олон нийтийг хамруулсан байна.
Түүнчлэн аймгийн Засаг даргаас “Авлигын эсрэг төрийн бус байгууллагын сүлжээ”-г дэмжин хамтран ажиллах, “Ил тод, ээлтэй хариуцлагатай үйлчилгээ” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн санал зөвлөмжийг ажил хэрэг болгох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар сургалт зохион байгуулж бүх сумдын төрийн албан хаагчдын төлөөллийг хамруулах, аймгийн цахим хуудасны мэдээллийн агуулгыг өргөжүүлж шинэчлэх, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ажээ.
Мөн Засаг даргын ажлын алба, нутгийн захиргааны байгууллагуудад авлигын эсрэг үйл ажиллагаа эрхлэх орон тооны бус зөвлөл, нэгжүүдийг хуулийн дагуу шинээр болон шинэчлэн байгуулах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг аргачлал, зөвлөмжийн дагуу шинэчилэн боловсрууж мөрдүүлэх зэрэг ажлыг хийхээр болсон байна.
Орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын үр нөлөөг сайжруулахад орон нутгийн удирдлагаас идэвхи санаачилгатай ажиллаж байгаа нь авлигатай тэмцэх ажилд чухал хувь нэмэр болох юм.
Авлигатай тэмцэх газар бүх аймагт, тэр дотроо сумдад хүрч авлигаас урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой шалган туслах ажлыг зохион байгуулахаар зорьж байна.