Apr 25, 2014         7

21 аймгийн ЗДТГ-ын газар, түүний харьяа агентлагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудтай цахим зөвлөлдөх уулзалт хийлээ

iaacНийт 21 аймгийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа агентлагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудыг хамруулсан “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт онлайн зөвлөлдөх уулзалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Азийн сангийн дэмжлэгтэйгээр Төрийн ордоны Нутгийн удирдлагын танхимд зохион байгууллаа.

Уулзалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунцэцэг, АНУ-ын Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Мелони Линдберг нар нээж энэхүү үйл ажиллагааны зорилго, ач холбогдол, цаашид хүрэх үр дүнгийн талаар товч танилцуулав.

Зөвлөлдөх уулзалтаар, өнгөрсөн онд аймгуудын хэрэгжүүлсэн авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчдийн хийсэн үнэлгээ, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн байдал, авлигын индексийн дүнг танилцуулсны зэрэгцээ, Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүлж буй авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээний талаар болон ЗГХЭГ-аас төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд тавьж буй хяналтыг сайжруулах хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар тус тус мэдээлэл өгсөн байна.

Түүнчлэн, Монголын Дотоод Аудиторуудын Институтын тэргүүн Л.Отгонбаяр дотоод аудитын үр нөлөө, цаашид орон нутагт дотоод аудит, хяналтын чиглэлээр хийгдэх шинэчлэлийн талаар, Ардчиллын боловсрол төв (ДЕМО)-ийн захирал Г.Ундрал төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг иргэдийн онооны картаар үнэлэх аргачлал, ач холбогдолын талаар болон Ази, номхон далайн орнуудын засаглалын ил тод, хариуцлагатай байдал, иргэдийн оролцооны уралдаанд шилдэг санаачилгаар шалгарсан CHECK MY SERVICE төслийн талаар тус тус танилцуулжээ.

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээгээр хангалтгүй оноо авсан Сэлэнгэ, Төв, Завхан, Ховд аймгуудын бүх сумдад ажиллаж, илэрсэн зөрчил, дутагдлын талаар мөн танилцуулж, цаашид анхаарч ажиллахыг зөвлөсөн байна. Түүнчлэн орон нутагт хамаарал бүхий этгээд буюу төрсөн ах дүү, гэр бүлийн гишүүд нэг дор ажиллаж байгаа, мөн хамаарал бүхий этгээд нь тендерт шалгарсан, төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан, бусдад давуу байдал олгосон тухай гомдол, мэдээлэл АТГ-т нийтлэг ирж байгааг анхаарах шаардлагатай байгааг мөн танилцуулжээ.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us