Авлигатай тэмцэх газрын албан хаагчид “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-т нэгдэв
Авлигатай тэмцэх газрын ажилтан, албан хаагчид 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Сөүлийн гудамжин дахь байгууллагынхаа ногоон байгууламжид мод тарилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласантай холбогдуулан Авлигатай тэмцэх газрын албан хаагчид өөрсдийн мөнгөн хуримтлалаар нийт 450 ширхэг тарваган хайлаас, 5 багц нохойн хошууны мод, ногоон гацуурыг худалдан авч мэргэжлийн инженерийн зөвлөмжийн дагуу суулгаж тарив. Түүнээс гадна 72 метрийн урттай ургамлан хашлага байгуулж, албан газрынхаа орчмын ногоон байгууламжийн хогийг цэвэрлэн тохижилтын ажлыг хийсэн байна.
Авлигатай тэмцэх газрын ажилтнууд өнгөрсөн жилийн “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан билээ.