Монголын авлигын индекс судалгааны аргачлалыг сайжруулах чиглэлээр зөвлөх сонгон шалгаруулж ажиллуулна
ҮНДЭСЛЭЛ
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Байгууллагын чадавхийг хөгжүүлэх сангаас Авлигатай тэмцэх газрын чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. АТГ-ын чадавхийг бэхжүүлэх төслийн зорилго нь: (a) Хөрөнгө орлогын мэдүүлэг болон Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үр дүнтэй хэрэгжүүлэх; мөн (b) Монгол Улсын авлигын индексийн судалгааны аргачлал, түүнд дүн шинжилгээ хийх болон ашиглалтыг сайжруулах юм.
Авлигатай тэмцэх газар (АТГ) нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т “авлигын цар хүрээ, хэлбэр шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх” үүргийн дагуу 2009, 2011 болон 2013 онуудад Монгол Улсын авлигын индексийн судалгааг зохион байгуулж явуулан үр дүнг олон нийтэд мэдээлэн ажиллаж байна.
АЖЛЫН ДААЛГАВРЫН ЗОРИЛТ
Энэ төслийн хүрээнд Монгол Улсын авлигын индексийн судалгааны аргачлалыг боловсронгуй болгох, судалгааны үр дүнгийн ашиглалтыг сайжруулах зорилт тавигдаж байна. Монголын авлигын индексийн гурван удаагийн судалгааны асуулгуудад авлигын цар хүрээ, хэлбэр, шалтгааныг онолын түвшинд зөв тодорхойлж ирсэнд шүүмж өгөх, цаашид боловсронгуй болгох санал дэвшүүлэх нь нэн чухал асуудал юм. Иймд Монголын авлигын индекс тооцон гаргахад ашиглагдаж буй 4 судалгааны буюу а) Иргэдийн төсөөллийн судалгаа, б) Бизнес эрхлэгчдийн төсөөллийн судалгаа, в) Төрийн албан хаагчдын төсөөллийн судалгаа, г) Шинжээчдийн төсөөллийн судалгааны асуулга, заавар, удирдамжид шүүмж өгөх, боловсронгуй болгох санал боловсруулахад тус ажлын гол даалгавар оршино.
Иймд дээр дурдсан судалгаа тус бүр дээр шүүмж өгч ажиллах дотоодын зөвлөхүүдийг урьж байна. Зөвлөх нь зөвхөн нэг судалгаанд шүүмж, зохих санал боловсруулж ажиллана.
НИЙЛҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН
Зөвлөх тус бүр нь дараах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:
- Монгол Улс дахь авлигын цар хүрээ, хэлбэр, шалтгааны талаарх мэдээллийг а) Иргэдийн төсөөллийн судалгаа, б) Бизнес эрхлэгчдийн төсөөллийн судалгаа, в) Төрийн албан хаагчдын төсөөллийн судалгаа, г) Шинжээчдийн төсөөллийн судалгаагаар цуглуулахад зориулагдсан асуулга, заавар, удирдамжийн талаар шүүмж агуулсан тайлан
- Гадаад улс орнуудад авлигын тухай ойлголт, авлигын цар хүрээ, хэлбэр, шалтгааныг тодорхойлоход ашиглаж ирсэн иргэд, бизнес эрхлэгч, төрийн албан хаагч, шинжээч нарын судалгааны асуулга, судалгааны онцлог зэрэгт иж бүрэн дүн шинжилгээ хийсэн тайлан
- Монгол Улсын Авлигын индекс тооцон гаргах судалгааны аргачлалд санал болгож буй асуулгуудтай холбоотой оруулах өөрчлөлтүүдийн талаарх дэлгэрэнгүй санал, үндэслэл
- Монгол Улсын Авлигын индексийн шинэчилсэн аргачлалаар туршилт судалгаа явуулахад аргачлал арга зүйн зөвлөгөө өгөх, тайлан бичих
ЗӨВЛӨХИЙН БОЛОВСРОЛ, УР ЧАДВАРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА
Зөвлөх тус бүр нь дараах ур чадвар, ажлын туршлагатай байна. Үүнд:
- Улс төр, эдийн засаг, социологи, статистик, криминологийн чиглэлээр магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байх;
- Авлига, төрийн албаны шударга байдал, засаглалын талаар 5-аас доошгүй жилийн судалгаа явуулж, удирдаж байсан туршлагатай, мөн сүүлийн 3 жилийн хугацаанд авлигатай тэмцэх чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
- Англи хэлний зохих мэдлэгтэй байх;
- Word, Excel, SPSS, SAS гэх мэт программуудыг эзэмшсэн байх, интернэт болон бусад мэдээ, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх программ хангамж ашиглах чадвартай байх;
- Сургалт явуулах туршлага, чадвартай байх.
ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА
Зөвлөх тус бүртэй байгуулах гэрээний хугацаа: 30 хоног
БҮРТГЭЛ: Манай саналыг сонирхож байгаа судлаачид galbadrakh@iaac.mn хаягаар өөрийн CV буюу танилцуулга, урьд өмнө судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллаж байсан мэдлэг, туршлагын тухай танилцуулга, холбоо барих утас болон өөрийн ажиллахыг хүсч байгаа нэр дурдсан дөрвөн судалгааны нэрийг санал болгож 2014 оны 3 дугаар сарын 3-ны дотор ирүүлнэ үү.