Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу ил тод байдлыг ханган ажиллаж байна
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.16-д заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, яам, агентлагийн удирдлагуудад авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж хүргүүлэн ажиллаж байгаа билээ. Уг зөвлөмжийн дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар цахим хуудсаа шинэчилж, зарим шаардлагатай мэдээллийг иргэдэд нээлттэй болгон ажиллаж байна.
Тус газрын www.mpa.ub.gov.mn цахим хуудасны “Нээлттэй мэдээлэл” буланд барилга барих болон газар эзэмших, ашиглах хүсэлтийн шийдвэрлэлт, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хуваарь, ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын мэдээллийн сан, Улаанбаатар хотын хаягжилт, барилгын насжилт, паспортжуулалтын судалгаа, шинээр хийгдсэн зам, гүүр, гудамжны тохижилт зэрэг мэдээллийг байршуулан, тогтсон хугацаанд шинэчилж байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын үйл ажиллагаатай холбоотой болон хот байгуулалтын талаарх мэдээ, мэдээллүүдийг хүлээн авах хүний тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 4.8 дахин нэмэгдсэн бөгөөд ингэснээр тус газрын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй болсныг, нөгөө талаас барилга барих хүсэлтийн шийдвэрлэлт, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх үйл явцыг хялбаршуулсны үр дүн гэж дүгнэж болох ажээ.