Мэдүүлэг гаргавал зохих албан тушаалтны 99,98 хувь нь хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргажээ
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан албан тушаалтнууд хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй байдаг.
2013 оны мэдүүлгээ шинэчлэн мэдүүлвэл зохих 51 мянга гаруй мэдүүлэг гаргагчдын 99,98 хувь нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд цахимаар шинэчлэн мэдүүлж, цаасан хэлбэрээр бүртгүүлсэн байна.
Мэдүүлгээ хуулийн хугацаанаас хожимдуулж мэдүүлсэн 6, мэдүүлгээ гаргаж өгөөгүй 5, нийт 11 мэдүүлэг гаргагч байгаагаас төрийн тусгай албан хаагч 2, аймгийн ИТХ-ын төлөөлөгч 1, төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан 4, төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ын хараат бус гишүүн 3, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан 1 байна.
Урьд оны дүнтэй харьцуулахад мэдүүлгээ хуулийн хугацаа хожимдуулсан болон гаргаж өгөөгүй мэдүүлэг гаргагч албан тушаалтан 0.06 хувиар багассан дүнтэй байна.
Мэдүүлэг гаргагчдын тоог өнгөрсөн онтой харьцуулвал 4000 гаруйгаар нэмэгдсэн нь хуучин Хадгаламж банкнаас Төрийн банкинд шилжиж ирсэн удирдах албан тушаалтан, аймаг, нийслэл дүүргийн ЗДТГ-ын дэргэд худалдан авах ажиллагаа, дотоод аудитын алба зэрэг агентлаг, түүнчлэн Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд төрийн үйлчилгээний байгууллага /боловсрол, эрүүл мэнд/-ын зарим удирдах албан тушаалтнууд хамаарч мэдүүлэг гаргах болсонтой холбоотой юм.