May 20, 2008         27

ОХУ-ын Авлигатай тэмцэх зөвлөлийн тухай/2008.05.20/

ОХУ-ын Ерөнхийлөгч Медведев Д.А. 2008 оны 5 дугаар сарын 19-ны өдөр “Авлигын эсрэг арга хэмжээ авах тухай” зарлиг баталлаа.

Авлигатай тэмцэх, түүний шалтгаан нөхцөлийг арилгах зорилго бүхий зөвлөлийн бүрэн эрх, чиг үүргийг уг зарлигаар тодорхойлов.

Авлигатай тэмцэх зөвлөлийг ОХУ-ын төрийн тэргүүн удирдана. Зөвлөл нь тэргүүлэгчидтэй байх бөгөөд тэдгээрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга удирдана. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Нарышкинд ОХУ-ын Авлигын эсрэг Үндэсний хөтөлбөрийн төслийг сарын хугацаанд боловсруулан батлуулах үүрэг өгөв.

Одоогийн байдлаар Зөвлөлд хэн орох нь тодорхойгүй байгаа ч Засгийн газрын хууль, хяналтын салбарын сайд нар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, ОХУ-ын Арбитрын дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурор зэрэг хүмүүс орно.

Зөвлөлийн үндсэн чиг үүрэг:

  • Авлигатай тэмцэх төрийн бодлогыг боловсруулах, ОХУ-ын Ерөнхийлөгчид өргөн барих.
  • Төрийн гүйцэтгэх байгууллагуудын уялдаа холбоо хангах.
  • Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих.

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевын илтгэлээс


Авлига нь ямар ч улс орны аюул юм. Авлига нь ажил хэрэгч байдлыг ялзраах, төрийн ажил гүйцэтгэх чанарыг бууруулах, улс орны нэр хүндэд сөрөг нөлөөтөй. Хамгийн чухал нь авлига нь төрдөө итгэх ард түмний итгэлийг мөхөөдөг.

ОХУ нь Авилгалын эсрэг НҮБ-ын Конвенци, Авлигын гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын тухай Европын Конвенцийг соёрхон баталсан, Авлигын эсрэг улс орнуудын багийн гишүүнээр элссэн. Ийнхүү авлигатай тэмцэх чиглэлээр бид олон улсын өмнө тодорхой хариуцлага хүлээсэн юм.

ОХУ-ын Авлигын түвшин үлэмж өндөр байгаа. 2007 оны статистикийн мэдээгээр ойролцоогоор 15000 эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ нь зөвхөн харагдах өчүүхэн хэсэг гэдгийг хэн хэнгүй ойлгож байгаа биз ээ.

Ийм төрлийн гэмт хэрэг нь нуугдмал байдаг нь түүнийг илрүүлэх, шалгах, авлигачдад хариуцлага тооцоход бэрхшээлтэй байдаг. Хууль, хяналтын болон шүүхийн байгууллага дахь авлига нь төрийн хамгийн их санаа зовоосон асуудал болоод байгаа юм. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгтэй. Уг хөтөлбөр дараах 3 багц асуудлыг хөндсөн байх шаардлагатай.

1. ОХУ-ын дотоодын хууль, тогтоомжийн төгөлдөршил. Энэ салбарын хууль тогтоомжид буй үл ойлгогдох зүйл, хуулийн цоорхойг арилгах шаардлагатай

2. Авлигатай тэмцэх, эдийн засаг, нийгмийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хүмүүжил, арга хөшүүргийг дэмжих тогтолцоо бий болгох. Авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр ажиллах хэрэгтэй. Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, ажил хэрэгч нөхцөл бүрдүүлэх.

3. Эрх зүйн чиглэлээр соён гэгээрүүлэх, авлигын хор хөнөөлийг нийгэмд ойлгуулах. Хууль хяналтын байгууллага болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоо бий болгох. Төрийн албаны шинэчлэлийн хүрээнд төрийн албан хаагчийн талаарх гомдлыг олон шат дамжлагагүйгээр, шуурхай, хүнд сурталгүй шийдвэрлэдэг тогтолцоог дэмжих.

Шүүхийн хараат бус байдал, нэр хүндийг өсгөх нь дараагийн асуудал мөн. Авлигатай үр дүнтэй тэмцэх нь шүүхийн хараат бус байдалтай шууд холбоотой билээ.

Үүнтэй холбогдуулан хөрөнгийн мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчил, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм зэрэг асуудлуудыг эргэн харах шаардлагатай.

Авлигын эсрэг нийгмийн дэг журам, зан үйлийн стандартыг тогтоон төлөвшүүлэх хэрэгтэй байна. Хөгжингүй, эрх зүйн ухамсар, соёл хөгжсөн орнуудын нэгэн адил хүмүүс авлига авахдаа айхаас гадна авлига авах нь нийгэм, эдийн засгийн хувьд ашиггүй байж, тэр нь хүний өсөх боломжийг бүр мөсөн хаадаг байх явдал авлигатай тэмцэх хамгийн үр дүнтэй арга байж ч болох юм.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаандаа хууль хяналтын байгууллагууд хэвлэл, мэдээллийн болон иргэний байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлагатай.

Авлига нь тогтолцооны асуудал болоод байна. Буруу тогтолцооны эсрэг бид зөв тогтолцоогоор хариу барих хэрэгтэй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
 

                                                                          Орос хэлнээс хүргүүлсэн
                                                              Судалгаа шинжилгээний албаны ажилтан
                                                                                     Т.ТАЙШИР

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us