Apr 11, 2014         6

Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ

I. МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР:
Гэмт хэргийн шинжтэй 85 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.
2014 оны нэгдүгээр улиралд нийт 101 гомдол, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 85 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 4 хувиар өссөн.

2013 онд үлдэгдэл гэмт хэргийн шинжтэй 19 гомдол, шинээр хүлээн авч 85 гомдол нийт 104 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 14 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх, 46 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргах, 16 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд 28 гомдол, мэдээллийг шалгаж байна.

Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн агуулгыг холбогдох байгууллага, салбараар нь авч үзвэл нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 19, түүний 4 нь Засаг даргын үйл ажиллагаанд, 15 нь ЗДТГ-ын үйл ажиллагаанд; хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 15, түүний 4 нь цагдаа, 2 нь прокурор, 1 нь шүүх, 5 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 3 нь мэргэжлийн хяналтын байгууллагад; төрийн үйлчилгээний салбарт хамаарах 21, түүний 6 нь боловсрол, 7 нь эмнэлэг, 3 нь улсын бүртгэлийн албанд; газар, ашигт малтмалын салбарт хамаарах 5; яамдын үйл ажиллагаатай холбоотой 12; хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хамаарах 7; бусад 30 гомдол, мэдээлэл шалгагдсан байна.

Нэгдүгээр улиралд 96 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.
Мөн нэгдүгээр улиралд хуульд заасан харьяаллын 299 үйлдэлтэй, 96 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 20.8 хувиар өссөн байна.

Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр ангилвал 25 хувь нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, 7 хувь нь төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 11 хувь нь төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, 1 хувь нь төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 11 хувь нь хээл хахууль авах, 11 хувь нь хээл хахууль өгөх, 4 хувь нь хээл хахуульд зуучлах, 4 хувь нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, бусад хэрэг 26 хувийг тус тус эзэлж байна.

Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 21 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 14 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт, 6 хэргийг харьяаллын дагуу тус тус шилжүүлсэн, 2 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, 4 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд эрүүгийн 49 хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаанд байна.

Эрүүгийн хэрэгт нийт 128 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдсан бөгөөд албан тушаалын байдлаар нь авч үзвэл 13 хувь нь төрийн улс төрийн, 25 хувь нь төрийн захиргааны, 6 хувь нь төрийн тусгай, 21 хувь нь төрийн үйлчилгээний, 35 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан байна.

Гэмт хэргийн улмаас 24.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Гэмт хэргийн улмаас 24.5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 798.9 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 7.9 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалж, анхан шатны шүүхээс 7.978.707.222 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарсан байна.

II. ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ, ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ (ХАСХОМ)-ИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
Хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулав.
Улсын хэмжээнд 51 мянга гаруй албан тушаалтан мэдүүлэг гаргах байснаас 99,99 хувь нь мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн. Үүнээс 99,98 хувь нь хуульд заасан хугацаанд бүртгүүлсэн, 6 мэдүүлэг гаргагч буюу 0,01 хувь нь хугацаа хожимдуулж мэдүүлсэн бол 5 мэдүүлэг гаргагч буюу 0,01 хувь нь мэдүүлгээ огт гаргаж өгөөгүй байна.

Мэдүүлгээ гаргаж өгөөгүй, хугацаа хожимдуулсан 11 мэдүүлэг гаргагчаас төрийн тусгай албан хаагч 2, аймгийн ИТХ-ын төлөөлөгч 1, төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан 4, төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн хараат бус гишүүн 3, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан 1 байна. Эдгээр албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар холбогдох албан тушаалтнуудад хандсан бөгөөд одоогоор 1 албан тушаалтан чөлөөлөгдөж, 3 албан тушаалтанд “Сануулах” арга хэмжээ тооцуулсан байна.

Урьд оны дүнтэй харьцуулахад мэдүүлгээ хуулийн хугацаа хожимдуулсан болон гаргаж өгөөгүй мэдүүлэг гаргагч албан тушаалтан 0.06 хувиар багассан дүнтэй байна.
Нийт мэдүүлэг гаргагчдын 42,32 хувь нь нийслэлд, 57,68 хувь нь аймаг, орон нутагт байна.

Өнгөрсөн оны бүрдүүлэлтээр 47 мянга гаруй мэдүүлэг гаргагч бүртгэгдсэн ба энэ жилийн хувьд мэдүүлэг гаргагчдын тоо 4000 гаруйгаар нэмэгдэж 51 мянга гаруй болсон нь хуучин Хадгаламж банкнаас Төрийн банкинд шилжиж ирсэн удирдах албан тушаалтан, аймаг, нийслэл дүүргийн ЗДТГ-ын дэргэд худалдан авах ажиллагаа, дотоод аудитын алба зэрэг агентлаг байгуулагдсан, түүнчлэн Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд төрийн үйлчилгээний байгууллага /боловсрол, эрүүл мэнд/-ын зарим удирдах албан тушаалтнууд хамаарч мэдүүлэг гаргах болсонтой холбоотой юм.

2014 оны 1 дүгээр улиралд нийт 142 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгасан байна.
Төлөвлөгөөт хяналт шалгалт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр 2014 оны 1 дүгээр улиралд нийт 142 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгасан нь 2013 оны мөн үетэй харьцуулбал 6,7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нийт 96 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авснаас 71 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 59,7 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Гомдлын мөрөөр 16 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар, хууль бус 19 зөрчлийг арилгуулахаар, гэмт хэргийн шинжтэй 5 гомдлыг шалгуулахаар шийдвэрлэсэн байна.

Өргөдөл, гомдол, мэдээллийн 40-45 хувийг орон нутаг дахь байгууллага, албан тушаалтантай холбоотой өргөдөл, гомдол эзэлж байна.

Энэ оны эхний улиралд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 2900 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар АТГ-т ирүүлснээс 2728 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянаж, холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна.

Хянасан урьдчилсан мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож, анхааруулсан нийт 450, хянах боломжгүй үндэслэлээр 240 мэдүүлгийг буцаасан. Мөн урьдчилсан мэдүүлгийг тус газраар хянуулалгүйгээр хууль зөрчин томилсон 98 тушаал, шийдвэрийг хүчингүй болгуулж, 35 нэр дэвшигчийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагад тус тус хүргүүлэв.

Энэ улиралд нийт 62 албан тушаалтанд хариуцлага тооцуулсныг мөн оны өмнөх үетэй харьцуулахад 33-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хариуцлагын төрлөөр нь авч үзвэл сануулсан 24, цалинг бууруулсан 26, албан тушаал бууруулсан 5, ажлаас халсан буюу чөлөөлсөн 7 байна.

Харин хяналт, шалгалтын явцад нийтийн албанд нэр дэвшсэн зарим этгээд хуурамч диплом ашиглах, сонирхлын зөрчилтэй этгээдийг нийтийн албанд томилох зэрэг зөрчлүүд нилээдгүй гарч байгаа тул уг зөрчлийг таслан зогсоохоор Төрийн албаны зөвлөл, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

III.УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР:

Төрийн байгууллагуудад авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Төрийн байгууллагуудын 2013 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн “Шинжээчдийн баг”-аас хийсэн үнэлгээнээс хамгийн бага үнэлгээ авсан хоёр байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэгдсэн нэг бүрчилсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэв. Үүний тулд тухайн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудад арга зүйн зөвлөгөө өгөх, 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөхөд нь дэмжлэг үзүүлэх зэргээр хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Түүнчлэн хөндлөнгийн “Шинжээчдийн баг”-ийн үнэлгээний дүнд тулгуурлан УИХ-аас байгуулагддаг зарим байгууллага, яам, агентлаг, аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг 70 байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн 17 нэгжид тус тус авлигын эсрэг хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний дүнг танилцуулах албан бичгийг хүргүүлэн, 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад арга зүйн зөвлөгөө болон саналыг өгч ажиллалаа.

Орон нутагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахаар ажиллаж байна.
Төрийн байгууллагуудын 2013 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн “Шинжээчдийн баг”-аас хийсэн үнэлгээний үр дүнг харгалзан авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, холбогдох хяналт шалгалтыг явуулах, Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор нэгдүгээр улиралд Төв аймгийн 8 сум, Сэлэнгэ аймгийн 17 сум, Завхан аймгийн 24 суманд тус тус ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, төрийн байгууллагын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Хамтдаа” төслийг хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Өмчийн харилцааны газарт 2013-2014 онд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ХАМТДАА” төслийг Азийн сан, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд нийслэлийн дөрвөн агентлаг нийт ажилтнуудынхаа дунд авлигын эсрэг хууль тогтоомж, авлигын хор хөнөөл, урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор асуулт хариултын “АХА”, танин мэдэхүйн “Дэвжээ” тэмцээнүүдийг зохион байгуулахад хамтран ажиллалаа.

Мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад зориулсан сургалтыг, Худалдан авах ажиллагааны газар, Үндэсний Аудитын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НЗДТГ, Монголын дотоод аудиторуудын институттэй хамтран нийслэлийн агентлагуудын дотоод хяналт, шалгалт хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах сургалтыг тус тус зохион байгууллаа.

Түүнчлэн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Өмчийн харилцааны газраас 1990 оноос хойшхи хугацаанд гаргасан газартай холбоотой бүх захирамжийг цахим сүлжээнд байршуулах, Ерөнхий төлөвлөгөөний газрын цахим хуудсыг шинэчлэх ажлыг тус тус зохион байгуулав.

IV. СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР:
“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл”-ийн 2013 оны судалгааны тайланг гаргав.
УИХ-ын 2008 оны 13 дугаар тогтоолоор “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл” гэсэн үзүүлэлтийг тодорхойлж, холбогдох судалгааг явуулж, үр дүнг гаргаж мэдээлэх үүргийг Авлигатай тэмцэх газарт даалгасны дагуу уг судалгааг зургаа дахь жилдээ хийж байна.

Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа нь улс төрийн болон хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын цар хүрээ, хэлбэр, шалтгаан нөхцөлийг шинжээчдийн үнэлгээгээр тодорхойлж, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг үнэлж дүгнэхэд шаардлагатай мэдээллийг бүрдүүлэх ач холбогдолтой судалгаа юм. Судалгаа нь:

  • Авлигын цар хүрээ, тархалт;
  • Авлигад өртөх эрсдэл бүхий түвшин, салбар, байгууллага;
  • Авлигын шалтгаан нөхцөл;
  • Авлигын төрөл, хэлбэр, хэмжээ гэсэн дэд үзүүлэлт тус бүрийн үнэлгээг 5 онооны хэмжээсээр (1 буюу огт үгүй, 5 буюу маш их) гаргаж, дэд үзүүлэлтүүдийн энгийн арифметикийн дунджаар тооцсон болно.

Судалгаагаар Монгол Улсын улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх шинжээчдийн төсөөллийн 2013 оны үнэлгээ 3.68 байна.

Авлигын тархацын үзүүлэлтээр 2013 онд УИХ 3.67, Засгийн газар, яам, төрийн бусад байгууллага 4.08, нутгийн өөрөө удирдах байгууллага 3.54, бүх шатны Засаг даргын тамгын газар 3.69, улс төрийн намууд 4.09 гэж үнэлэгдсэн байна.

Авлигад өртөх эрсдлийн үзүүлэлтээр төрийн захиргааны байгууллагын удирдлагын түвшинд /сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга/ 4.08 гэж үнэлэгдсэн нь өмнөх жилийн судалгааны дүнгээс буурсан буюу эерэг үзүүлэлттэй байгаа бол төрийн захиргааны байгууллагын дунд шатны албан хаагчдын түвшинд 4.23, төрийн үйлчилгээний албан хаагч 3.38, төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх албан хаагч 3.58 гэж үнэлэгдсэн нь тус тус өссөн буюу сөрөг үзүүлэлттэй байна.

Шүүх эрх мэдлийн хүрээнд хамаарах шүүх, прокурорын байгууллага болон хууль сахиулах байгууллагууд болон цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын авлигад өртөх эрсдлийг шинжээчдээр үнэлүүлэхэд шүүх 3, прокурор 3, цагдаа 3.15, шүүхийн шийдвэр гүйцэтгэл 3.15 тус тус үнэлэгдсэн.

Уг судалгааны тайлантай Авлигатай тэмцэх газрын цахим хуудас (www.iaac.mn)-аас танилцаж болно.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us