Dec 10, 2013         4

Хэвлэлийн мэдээ

Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага хангаагүй хүмүүсийг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулалгүй томилсон нь тогтоогджээ.

Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр ажиллаж дараахь зөрчлийг илрүүлсэн байна. Үүнд:

  1. Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг дарга Н.Самба, түүний эхнэр Л.Пагмадулам нь мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нь олон нийтийн зүгээс “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгожээ.

    Л.Пагмадуламыг 2013 оны 01 зүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Говь-Алтай аймгийн Цогт сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд ийнхүү томилохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг зөрчиж хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулалгүй томилсон байна.

    Түүнчлэн Сумын Засаг дарга Н.Самба нь 1995-1999 онд Улсын Багшийн Их сургуулийг Биеийн тамирын багшийн мэргэжлээр, 2011-2012 онд Шинэ цагийн Удирдлагын академийг бакалаврын зэрэгтэйгээр, Л.Пагмадулам нь 2000-2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн диплом нь хуурамч болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтаар тогтоогджээ. Мөн Л.Пагмадулам нь хуурамч дипломыг ашиглан Удирдлагын академийн “төрийн удирдлага”-ын мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг 2012 төгссөн байна.

    Хуурамч диплом ашиглан төрийн албанд ажиллаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх” гэж заасныг зөрчсөн байх бөгөөд шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаж, хариуцлага тооцуулах болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Говь-Алтай аймгийн Засаг дарга, тус аймгийн Цогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга нарт албан бичгийг тус тус хүргүүлсэн байна.

    Мөн дээрх албан тушаалтнуудын хуурамч баримт бичиг ашигласан асуудал нь гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар харъяаллын дагуу шилжүүлсэн байна.
  2. Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын дарга Х.Нармандах нь барилгын инженер мэргэжилтэй, уг албан тушаалд томилогдохоосоо өмнө төрийн албанд болон гаалийн байгууллагад ажиллаж байгаагүй, уг ажлын туршлагагүй байсан нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг болон Гаалийн тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаагүй байна.

    Төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй хүнийг төрийн албаны удирдах албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийг, түүнчлэн тухайн албан тушаалд томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг тус тус зөрчжээ.

    Мөн Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Батбаатар нь албан тушаалын байдлаа ашиглан эхнэрийнхээ дүү, хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгон байхгүй орон тоонд дээр ажилладаг хэмээн гаалийн бүсэд нэвтрэх үнэмлэх гаргуулахад хөндлөнгөөс нөлөөлж ашиг сонирхлын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар Гаалийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлж, зөрчил гаргасан дээрх албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us