Авлигаас урьдчилан сэргийлэх асуудлаар оюутнууд саналаа солилцов
Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран нийслэлийн их, дээд сургуулийн оюутан залуусын дунд “Авлига, ашиг сонирхлын зөрлөөс урьдчилан сэргийлэх арга зам: асуудал ба шийдэл” онол арга зүйн бага хурал зохион байгуулсан бөгөөд тус хуралд 9 их, дээд сургуулийн 40 гаруй оюутнууд мэдлэг, чадвараа сорин өрсөлдлөө.
Энэхүү уралдааны нэгдүгээр байрыг “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам ба шинэ чиг хандлага” илтгэлээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Л.Отгондорж, Л.Пүрэвбаатар нар, хоёрдугаар байрыг “Сонгуулийн дүрэм ба нөөцийн хараал: Дата юу өгүүнэ вэ?” илтгэлээр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан С.Дашзэвэг Г.Батзориг нар, гуравдугаар байрыг “Цалин ба авлигыг балансжуулах нь” илтгэлээр МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн оюутан М.Энхбадрал, А.Тэнүүнжаргал, Б.Мичидмаа нар тус тус эзэлсэн байна.
Уралдаанд ирүүлсэн илтгэлүүд нь оюутнуудын өөрсдийн хийсэн судалгаанд үндэслэсэн, сонирхолтой санал санаачилга дэвшүүлснээрээ онцлог байв. Тухайлбал, Р.Пүрэвбаатар, Л.Отгондорж нар ОХУ, Япон зэрэг орнуудын жишээн дээр үндэслэн “Кейс төвт анализ”-ын аргыг авлигатай тэмцэх ажилд ашиглахыг санал болгосон бөгөөд уг аргыг ашиглан Монгол Улс дахь жишээн дээр судалгаа хийж авлигын шалтгаан нөхцлийг тодорхойлохыг зорьжээ.
Түүнчлэн М.Энхбадрал нарын оюутнууд илтгэлдээ нийгмийн сэтгэл судлалын туршилтын аргыг ашиглаж шүүгчийн цалинг нэмэх нь авлигыг бууруулахад хэрхэн нөлөөлөхийг судласан нь сонирхолтой, бөгөөд шинэлэг судалгаа болжээ.