Хэвлэлийн мэдээ
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 2014 ОНЫ НЭГДҮГЭЭР САРД:
ШИНЖЭЭЧДЭЭС БАГА ҮНЭЛГЭЭ АВСАН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА
Хөндлөнгийн шинжээчдээс бүрдсэн баг төрийн байгууллагуудын авлигаас урьдчилсан сэргийлэх чиглэлээр 2013 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд үнэлэлт өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн. Хамгийн бага үнэлгээ авсан хоёр байгууллагад авлигаас урьдчилан сэргийлэх, ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн нэг бүрчилсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн эдгээр байгууллагуудын 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Авлигатай тэмцэх газраас “Шинжээчдийн баг”-ийн хийсэн үнэлгээний дүнг УИХ-аас байгуулагддаг зарим байгууллага болон нийт яам, агентлаг, аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг 70 байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн 17 нэгжид албан бичгээр хүргүүлж, 2014 онд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудал, арга зүйн зөвлөмж, саналыг тус бүрт нь өгч ажиллажээ.
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ ТОДОРХОЙ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Авлигатай тэмцэх газраас АНУ-ын Азийн сан, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын түвшинд авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Хамтдаа” төслийг 2013 оноос эхлүүлсэн.
Төслийн хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсролын газар зэрэг байгууллагын ажилтнуудын дунд авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, урьдчилан сэргийлэх зорилгоор асуулт хариултын “АХА” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд нийслэлийн Боловсролын газрын харъяа 98 байгууллагын нийт 426 албан хаагч, Эрүүл мэндийн газрын харъяа 26 байгууллагын 700 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн тус тус хамрагдсан байна.
19 БАЙГУУЛЛАГЫН 895 АЛБАН ТУШААЛТАНД ХУУЛЬ ТАНИУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан сургалтад 2014 оны 1 дүгээр сард нийт 19 төрийн байгууллагын 895 албан тушаалтан хамрагдсан байна.
Түүнчлэн Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн, АНУ-ын Азийн сантай хамтран нийтийн албан тушаалтнуудад авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, эдгээрийг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгож хэрэглэх, авлига болон ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь: Нийтийн албан тушаалтанд зориулсан сургалт”-ыг зохион байгууллаа.