Гадаад мэдээний тойм
Канадын Ерөнхий сайдын туслах асны үйлдсэн хээл хахууль, залилангийн хэргийг шүүж байна
Канад. Ерөнхий сайд Стивен Харперын туслах асан Майк Даффигийн хээл хахууль, залилангийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Телевизийн нэвтрүүлэгч байсан Майк Даффийг Эрүүгийн хуулийн 31 зүйлээр буруутгаж байна.
2013 онд Ерөнхий сайд Стивен Харперийн ажлын албаны дарга асан Нигель Райтад 72000 ам.долларын чек өгсөн талаараа өөрийн амьжиргааны зардлын тайландаа тусгаагүй нь нэлээд сонирхол татах хэргүүдийн нэг юм. Өнгөрсөн онд энэ хэргийн талаар олон нийт мэдсэний дараа Нигель Райт ажлаасаа халагдаж, харин Ерөнхий сайд Стивен Харпер энэ тухай юу ч мэдэхгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Засгийн газраа илүү хариуцлагатай болгохоо амлан 2006 оны эхээр эрх мэдлийг авч байсан Консерватуудад энэ шүүх хурал ноцтой бэрхшээл учруулж магадгүй болоод байгаа юм. Хэргийн шүүх хурлыг 4, 5, 6 дугаар сард явуулах бөгөөд нийтдээ 41 өдөр хуралдахаар товлосон байна.
Авлигын хэргээр хотын дарга “Бульдозер Жи” 15 жилийн хорих ял авлаа
БНХАУ. Ши Зиньпиний тэргүүлж буй авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд авлигын хэрэгт холбогдсон хамгийн сүүлийн өндөр түвшний албан тушаалтнаар Нанжин хотын дарга асан Жи Жианьэ тодроод байна. Түүнийг авлигын хэрэгт буруутай болохыг тогтоож, шүүхээс 15 жилийн хорих ял оногдуулав.
Янтай хот дахь Ардын давж заалдах шатны шүүх Жи Жианийг 1999-2012 оны хооронд хээл хахуульд 2.37 сая ам. доллар авсан хэрэгт буруутай болохыг тогтоосон талаар өөрийн цахим хуудсаар мэдэгдэв. Шүүхийн мэдэгдэлд “Өөрийнхөө бурууг хүлээж, чин санаанаас гэмшсэн Жи Жианьэд шүүхээс зарим ялыг нь хөнгөрүүлсэн” гэжээ. “Бульдозер Жи” гэх хочтой Жи Жианьээс хууль сахиулах байгууллагууд 420 000 ам. долларын өртөг бүхий эд хөрөнгө хураан авсан байна. “Бульдозер Жи” нь 2010 нь Нанжин хотын дарга болохоосоо өмнө Куньшань болон Яньжоу хотыг удирдаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Жи Жианьийн улс төрийн бүхий л замнал Жянсу мужтай холбоотой юм. Жи болон түүний гэр бүлийн гишүүд үлэмж хэмжээний мөнгө болон бэлэг хүлээн авсан, хууль зөрчсөн талаар тус улсын хууль сахиулах байгууллагууд мэдэгдсэний дараа буюу 2014 оны 1 дүгээр сард түүнийг Коммунист намаас хөөсөн билээ. Жи-гийн улс төр дэх уналтыг өөрийн ойр дотны этгээдийн компанид барилгын төслүүдийг шилжүүлсэн явдалтай холбоотой хэмээн төрийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан юм.
Нанжин бол Жянсу мужийн нийслэл хот бөгөөд хөрш Шаньдун мужид орших Янтай хот дахь Ардын давж заалдах шатны шүүхээр хэлэлцэн түүнийг шийтгэсэн юм. Хятадад гэмт хэрэгт буруутгагдаж байгаа албан тушаалтнуудыг амьдарч байгаа нутгийнх нь эрх мэдэл бүхий этгээдүүдээс ангид байлгахын тулд хэргийг өөр мужийн шүүхээр шийдвэрлэдэг байна.
Дели хотын авлигыг мэдэгдэх утсанд 24 цагийн дотор 12731 дуудлага иржээ
Энэтхэг. Дели хотын захиргаанаас өнгөрсөн ням гарагт ажиллагаанд оруулсан авлигыг мэдэгдэх утсанд 24 цагийн дотор 12731 дуудлага хүлээн авсан байна.
Дели хотын захиргаанаас мэдээлж байгаагаар бүх дуудлага хуурамч болон жинхэнэ эсэхэд үнэлгээ хийн ангилж төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой гомдлуудыг авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудад шилжүүлжээ. "Дуудлагын багагүй хувь нь Дели хотын цагдаа болон боловсролын байгууллага, тээврийн үйлчилгээний байгууллагатай холбоотой гомдол байсан” гэж Захиргааны зүгээс хийсэн албан мэдэгдэлд дурдлаа.
Авлигын талаар мэдээлэл авах утас нь нийслэл Дели хот дахь авлигыг үлэмж хэмжээгээр бууруулахад туслах хэрэгсэл болно гэж “Aam Aadmi” нам үзэж байна. Дели хотыг Энэтхэг Улс дахь авлигагүй хот болгохоо тус намаас удаа дараа амлаад байгаа ажээ.