Хуурамч диплом ашиглан төрийн албанд томилогдсон асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэв
Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1969 дугаарын утсаар иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б-д холбогдох хяналт шалгалтын ажлыг Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу явууллаа.
Шалгалтаар Б-гийн “Өлзийт” дээд сургуулийг санхүүгийн менежер мэргэжлээр суралцаж төгссөн 01/116 дугаартай диплом нь хуурамч болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр тогтоогдов. Түүнчлэн Б нь хуурамч диплом ашиглан төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа нь Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасныг тус тус зөрчсөн байна. Иймээс Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар Б-г томилох үндэслэлгүй болохыг Авлигатай тэмцэх газраас Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Хорлоод албан бичгээр мэдэгдлээ. Б-д холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, зөрчлийг арилган хариу мэдэгдэхийг мөн хүссэн байна.
Хуурамч баримт бичиг ашигласан асуудал нь гэмт хэргийн шинжийг агуулж байх тул холбогдох асуудлыг Дундговь аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүллээ.