Ажлын байрны шаардлага, шалгуур хангаагүй албан тушаалтныг чөлөөлжээ
Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Хэнтий аймгийн Тээвэр авто замын газрын дарга Д нь ашиг сонирхлын зөрчилтэй” гэх гомдол, мэдээллийг хүлээн авч, Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтыг үндэслэн шалгав.
Д-г их, дээд сургуульд суралцаж төгссөн эсэх асуудлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан шалгуулахад энэ нь тогтоогдохгүй байх бөгөөд Авто тээврийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд тус тус заасан болон Хэнтий аймгийн Тээвэр авто замын газрын даргын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй байна. Шалгалтаар олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн байх тул Д-г уг албан тушаалд томилсон захирамжийг хүчингүй болгох арга хэмжээ авч, хууль тогтоомжид заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан нэр дэвшигчийг нийтийн албанд томилохыг Авлигатай тэмцэх газраас Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарт мэдэгдлээ.
Энэ дагуу тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Ж.Ганбаатар Д-г Тээвэр авто замын газрын даргын үүрэгт ажлаас 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар чөлөөлсөн талаар хариу ирүүлэв.