Зөвлөмжийг үр дүнтэй хэрэгжүүлж байна /2013.09.05/
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг 2013 оны 1 дүгээр сарын 3-наас 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд 20 аймагт ажилласан билээ. Орон нутгийн иргэд, олон нийттэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсох, төрийн болон төрийн өмчит байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, төрийн байгууллагуудын иргэдэд үйлчилгээ үзүүлэх хэсгүүдэд ажиллаж, иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлах зорилготой уг ажлын хэсгийн тайланд үндэслэн Авлигатай тэмцэх газраас 20 аймгийн Засаг даргын Тамгын газарт болон тухайн аймгийн төрийн байгууллагуудын удирдлагад тусгайлан Зөвлөмж хүргүүлсэн юм.
Зөвлөмжийн биелэлтийг 19 аймаг хугацаандаа ирүүлсэн бөгөөд энэ талын хяналтыг тухайн байгууллагуудын цахим хуудсаар болон эрх бүхий албан тушаалтнуудтай нь утсаар холбогдож хэрэгжүүлсэн болно.
Харин Ховд аймгаас зөвлөмжийн биелэлтийг одоогийн байдлаар ирүүлээгүй байна. Түүнчлэн Сүхбаатар аймгаас ирүүлсэн зөвлөмжийн биелэлтийг хангалтгүй гэж үзэж байна.
Уг зөвлөмжийг хүргүүлснээр тодорхой ахиц гарсан. Үүнд:
- Архангай, Баян-Өлгий, Хэнтий, Сэлэнгэ, Өмнөговь, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Завхан, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Говьсүмбэр, Увс, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар болон тэдгээр аймгууд дахь төрийн байгууллагууд нь иргэд, олон нийтээс төрийн үйлчилгээний талаарх гомдол, ёс зүйн зөрчил болон мэдээлэл авах тусгай утас ажиллуулж, гомдлын мөрөөр зохих арга хэмжээ авч ажилладаг болов.
- Аймгуудын албан ёсны цахим хуудсыг “Төрийн байгууллагын албан ёсны цахим хуудсанд дүн шинжилгээ хийх аргачилал”-ын дагуу дүгнэж үзэхэд дийлэнх нь бүрэн шинэчлэгдсэн, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц мэдээллүүд, төрийн байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, чиг үүрэг, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, улирал тутмын үйл ажиллагааны тайлан, ажилтнуудын хариуцсан үйл ажиллагааны чиг үүрэг, тухайн жилийн төсөвтэй холбоотой мэдээллүүд, шинээр ажилтан сонгон шалгаруулах ажлын талаарх мэдээллүүд зэргийг байршуулж хэвшсэн байна.
Үүний зэрэгцээ зарим нэгэн дутагдалтай тал ажиглагдаж байна. Үүнд:
- Сүхбаатар, Архангай, Булган, Завхан, Увс, Баянхонгор, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь аймгуудын цахим хуудас нь иргэдийн хэрэгцээ шаардлага хангахгүй байсан бөгөөд цахим хуудсаар нь дамжуулан үйл ажиллагаанд нь хяналт тавих боломжгүй байв.
- Хийж гүйцэтгэсэн гэх зарим үйл ажиллагаа нь бодитой бус бөгөөд нотлох баримтгүй байсан нь Зөвлөмжийн хэрэгжилтийг хянах явцад ажиглагдлаа.