Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан
НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан бөгөөд Монгол Улсын Авлигатай тэмцэх газар уг өдрийг угтан олон арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Энэ удаагийн Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “ШУДАРГА НИЙГМИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” уриан дор сайн засаглалыг дэмжих долоо хоногийг зарлаж төрийн байгууллагын үйл ажиллагаанд авлигаас урьдчилсан сэргийлэх, ил тод хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагаанд төрийн төв болон орон нутгийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, түншлэлийг өргөжүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, авлигын эсрэг ажилд хүүхэд залуучууд, хэвлэл мэдээллийн байгууллагыг татан оролцуулах зорилгоор олон арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газар Монгол Улсын Засгийн газар, Хууль зүйн яам, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Азийн сан Мерси Кор Монгол зэрэг олон улсын байгууллагууд хамтран дараахь ажлуудыг зохион байгуулж байна. Үүнд:
"ХУУЛЬ ДҮРЭМ БОДИТ АМЬДРАЛ" дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийг 12-р сарын 04-ний 9 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, АТГ-ын дарга Н.Ганболд болон АНУ-ын Азийн сан, Сант Марал сан, Мэрси Кор олон улсын байгууллагын төлөөлөл оролцож өөрсдийн авч хэрэгжүүлж буй арга, хэмжээ цаашид баримтлах бодлого, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлжээ.
Түүнчлэн тус хэлэлцүүлэгт төр, нутгийн захиргаа, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд төрийн төв болон орон нутгийн удирдлагын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд талууд хамтын ажиллагаа, түншлэл, иргэдийн оролцоог дэмжих асуудлаар харилцан ярилцаж санал солилцлоо.
Тус хэлэлцүүлгийн үеэр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сангаас явуулсан “АВЛИГЫН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ОЙЛГОЛТ МЭДЛЭГ ТОГТООХ” судалгааны дүнг нийтэд танилцууллаа.
“ИЛ ТОД ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА” дугуй ширээний ярилцлагыг 12-р сарын 05-ны 8:30 цагаас Улаанбаатар зочид буудлын Хархорин Танхимд зохион байгуулав.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, худалдан авах үйл ажиллагааг авлига, сонирхлын зөрчлөөс ангид явуулах, худалдан авалтын тогтолцоог боловсронгуй болгох арга зам зэрэг олон асуудлын талаар хэлэлцсэн бөгөөд худалдан авах үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн төв болон орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлж буй сайн туршлагууд болон орон нутгийн худалдан авалтад хийсэн мониторингийн дүн, түүний туршлагаас нийтэд танилцуулсан байна. Тус дугуй ширээний ярилцлагад Худалдан авах ажиллагааны газар, Нийслэл дүүргүүдийн худалдан авах ажиллагааны газар, албадын төлөөллүүд болон иргэний нийгмийн байгууллагаас илтгэл хэлэлцүүлж, худалдан авах үйл ажиллагааг шударга, ил тод нээлттэй явуулахад хуримтуулсан туршлага, тулгарч бэрхшээл, цаашид баримтлах бодлогын талаар санал солилцлоо.
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДАА” өдөрлөг 12-р сарын 07-ны 12.00 цагаас Нийслэлийн хүүхэд залуучуудын соёлын ордонд болно.
Авлигын эсрэг хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх, шударга зан чанарыг төлөвшүүлэх, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх ажилд хүүхэд залуусын идэвхи оролцоог өрнүүлэх зорилгоор хүүхэд залуучуудад зориулсан өдөрлөгийг зохион байгуулж байна. Хүүхэд залуучуудад хандсан “Шударга хүний 7 дадал” лекц, илтгэл, “Төлөөс-2” жүжиг, хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн болон тэдгээрийн оролцсон парад зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана. Тус арга хэмжээний үер хүүхэд залуучуудад авлигын эсрэг соён гэгээрүүлэх мэдээллийг тогтмол хүргэж, дуу хоолойг нэгтгэж байх зорилгоор бүтээсэн www.xamtdaa.mn цахим хуудасын нээлтийн ажиллагаа болох юм.
“АВЛИГЫН ЭСРЭГ ХҮЧИН ЧАРМАЙЛТАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО, САНААЧИЛГА” уулзалт, ярилцлага
/12-р сарын 09-ны 10:00 цагаас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 5 дугаар давхарын Хурлын танхимд болно./
Авлигын эсрэг үйл ажиллагаанд хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах, бизнес эрхлэгчдэд авлигын талаар тодорхой мэдлэг мэдээллийг өгөх, авлигын эсрэг түншлэлийг бэхжүүлэх, бизнес эрхлэгчидээс авлигын эсрэг санаачилж буй шинэ санал санаачилгыг хөхиүлэн дэмжих зорилгоор уг уулзалт ярилцлагыг зохион байгуулж байна. Тус уулзалт ярилцлагад төр, хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно.
Түүнчлэн уулзалт ярилцлагын үеэр “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа”, түүний үр дүнг танилцуулна.
МОНГОЛ УЛСЫН АВЛИГЫН ИНДЕКСИЙГ ТАНИЛЦУУЛНА.
Авлигатай тэмцэх газраас авлигын шалтгаан, нөхцөл, цар хүрээ, хэлбэрийг тодорхойлох зорилгоор Авлигын индексийг судалгаар 2 жил тутам хийж дүнг олон нийтэд танилцуулдаг. Уг судалгааг 2009, 2011 онуудад тус тус хийж дүнг танилцуулсан.
Авлигатай тэмцэх газрын төлөөлөл 12 дугаар сарын 8-ны өдрийн 19.00 цагаас МҮОНТ-ийн “Цаг үе үзэл бодол” шууд нэвтрүүлэгт оролцон цаг үеийн асуудлаар ярилцлага хийж мэдээлэл өгнө.
Түүнчлэн Тойм сэтгүүлийн тусгай дугаарыг авлигатай тэмцэх бодлого чиглэл, үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллээр бэлтгэн гаргаж буй бөгөөд иргэд олон нийт, хүүхэд залуучуудад хандсан телевиз, радиогийн цуврал ярилцага, нэвтрүүлэг зэргийг хүргэх болно.
Эдгээр арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Авлигатай тэмцэх газрын 70112465 дугаарын утсаар тодруулна уу.