Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ, Засаг дарга нарт хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцав
Авлигатай тэмцэх газраас 2014 онд нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомж зөрчсөн журам хүчингүй болгох, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах чиглэлээр дүүргийн ИТХ, Засаг дарга нарт хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлттэй танилцав.
Тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Баянгол дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандивын орлогыг хүлээн авах, зарцуулах, тайлагнах журам”-ыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ. Мөн уг журмын дагуу иргэд, аж ахуйн нэгжээс хандивласан 74 сая төгрөгөөс 5 иргэний 52 сая төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна. Зөвлөмжийн хүрээнд мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд болон авлигад өртөх эсдэл бүхий албан хаагчидтай “Ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах гэрээ” байгуулах, орон нутагт зохион байгуулдаг үр ашиггүй сургалтын зогсоох, удирдлагын шийдвэр боловсруулахад авлигын эсрэг хууль тогтоомжийг сануулсан саналын хуудас боловсруулан, мэдэгдэл тайлбарын бүртгэлийг дэвтрээр болон цахимаар бүртгэх, авлигад өртөх эрсдэлтэй ажил албан тушаал, үйлчилгээний жагсаалт гаргах, дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Төсвийн хөрөнгийг буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авах тухай” захирамжаар БНХАУ-ын Хайнан мужид аялсан нэр бүхий 7 албан хаагчийн зардал болох 8 сая 500 гаруй мянган төгрөгийг буцаан төлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулжээ.
Хүргүүлсэн зөвлөмжийн хүрээнд зөрчлүүдийг арилгах чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүд авч, зохих түвшинд хүргэсэн гэж Авлигатай тэмцэх газар үзсэн бөгөөд цаашид авлигад өртөх эрсдэлтэй ажил албан тушаал, үйлчилгээний жагсаалтыг албажуулах, хамаарал бүхий этгээдийн судалгааг гаргаж үйл ажиллагаандаа ашиглах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг чанартай гүйцэтгэх, хууль тогтоомжийг сурталчлах, дотоод хяналт шалгалтаа сайжруулах чиглэлээр мэдээлэл өгч, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллалаа.