Олон Улсын Авлигын эсрэг Академитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав /2013.09.05/
Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболд Бүгд Найрамдах Австри Улсад төвтэй Олон Улсын Авлигын эсрэг академид зочилж, академийн дарга Мартин Кройтнертой ажил хэргийн уулзалт хийн, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү уулзалт, санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайд Г.Батжаргал байлцав.
Олон Улсын Авлигын эсрэг академи нь 2011 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн олон улсын байгууллагын статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд авлигын сэдвээр олон төрлийн сургалт зохион байгуулдаг, дэлхий дахинд нэр хүндтэй байгууллага юм. Тус академи нь өнөөдрийн байдлаар НҮБ-ийн 64 гишүүн улсыг эгнээндээ нэгтгээд байна. Монгол Улсын Их Хурал “Авлигын эсрэг олон улсын академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-ийг 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр соёрхон баталж, 42 дахь гишүүн орон болсон юм.
Уулзалтын үеэр Тэргүүн комиссар Н.Ганболд авлигатай тэмцэх салбарт ажиллаж буй мэргэжилтэн, боловсон хүчний чадавхийг сайжруулж, мэдлэг туршлагыг нэмэгдүүлэхэд академийн хувь нэмэр чухал болохыг онцлоод цаашид үр дүнтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Академийн дарга Мартин Кройтнер өөрийн үйл ажиллагаа, ойрын хугацаанд төлөвлөсөн ажлуудынхаа талаар танилцуулж, 2013 оны 12 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдах Авлигын эсрэг олон улсын академийн оролцогч талуудын 2 дугаар чуулга уулзалтад Тэргүүн комиссар Н.Ганболдыг оролцохыг урив.