Сангийн яаманд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна
Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн “Шинжээчдийн баг”-аас яамдуудад хийсэн үнэлгээгээр өмнөх оны үнэлгээ нь буурсанд дүгнэлт хийж, үйл ажиллагааны нь ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн нэгбүрчилсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, заавар зөвлөгөө өгөх, 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, холбогдох хяналт шалгалтыг явуулах зорилгоор Сангийн яаманд ажиллаж байна.
Авлигаас урьдчилан сэргийлэх уг үйл ажиллагаанд тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар, Эдийн засгийн бодлогын газар, Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газар, Төсвийн хөрөнгө оруулалтын газар, Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Төрийн сангийн газар, Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар болон холбогдох албан тушаалтнуудыг хамруулах бөгөөд сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаал, шийдвэрүүд, мөн нийтээр дагаж мөрдөх болон дотооддоо мөрдөж буй дүрэм, журам, хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд, салбарын хэтийн ба дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан зэрэг баримт бичгүүдтэй танилцах юм.