Sep 16, 2013         5

Авлигатай тэмцэх газраас мэдээлж байна

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн талаар:

  • Эрх бүхий албан тушаалтнуудтай хамтран Авлигын эсрэг хууль тогтоомж, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн мэдүүлэх талаар төрийн 135 байгууллагын 1031 эрх бүхий албан тушаалтан, 6988 төрийн албан хаагчид буюу мэдүүлэг гаргагч нар, нийт 8019 албан тушаалтныг хамруулан сургалт зохион байгуулсан.
  • 2013 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн дараахь хяналт шалгалтаар зөрчил гаргасан 81 мэдүүлэг гаргагчид болон мэдүүлгийг бүртгэх, хадгалах 2 ЭБАТ-д тус тус хариуцлага тооцсон, нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй хууль зөрчиж томилогдсон 138 албан тушаалтныг томилсон шийдвэрийг хүчингүй болгуулж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах арга хэмжээ авсан. 
  • Өнөөдрийн байдлаар нийт 8350 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 7738 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн байна. 
  • Хянаж хариу хүргүүлсэн урьдчилсан мэдүүлгээс Ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоосон, анхааруулсан нийт 1850, хянах боломжгүй үндэслэлээр 915 мэдүүлгийг буцаан хүргүүлсэн бөгөөд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийж ажиллаж байна. 
  • Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 40 гаруй нэр дэвшигчийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлснээр уг этгээдүүдийг нийтийн албанд томилоогүй болно.

Хяналт шалгалтын ажлын талаар:

  • Улсын хэмжээнд 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар төрийн болон нутгийн захиргааны 112 байгууллагын 118, түүний салбар, нэгжийн 1431, нийт 1549 хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан хууль, тогтоомжийн хэрэгжүүлэлтийг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
  • 2013 онд нийт 198 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн бөгөөд агуулгаар нь ангилж үзэхэд:
  1. Албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж, хариуцлага тооцуулахаар шийдвэрлэсэн - 39 
  2. Зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлсэн - 58 
  3. Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар анхааруулсан буюу шаардлага хүргүүлсэн – 45
  4. Гомдолд дурьдсан асуудал нь тогтоогдоогүй буюу зөрчил илрээгүй – 29
  5. Харъяаллын дагуу шилжүүлсэн, буцаасан - 27 байна.
  • 2013 оны 9 дүгээр сарын 10-ны байдлаар Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн 167 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байдлыг хяналт шалгалтын төрөл тус бүрээр үзүүлбэл:
  1. Мэдүүлгийн хяналт шалгалтаар - 58
  2. Өргөдөл, гомдлын хяналт шалгалтаар - 31 
  3. Мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтаар - 78
  • 2013 онд мэдүүлгийн хяналт шалгалтаар хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 58 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан.
  • 2013 онд өргөдөл, гомдлын хяналт шалгалтын хүрээнд нийт 30 гаруй албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцуулж, зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд хандан шийдвэрлэсэн байна.
  • Өргөдөл гомдлыг агуулгаар нь ангилж үзэхэд:
  1. Албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгосон – 25
  2. Хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан – 51
  3. Албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан – 68
  4. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалтаны хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах тухай – 38
  5. Бусад - 16

Урьдчилан сэргийлэх ажлын талаар:

  • Төрийн байгууллагын төсвийн зарцуулалт, тайлагналтын үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгоход чиглэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2013 оны 88 дугаар зарлигийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавьж, дүн шинжилгээ хийх эхэлсэн.
  • Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох чиглэлээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс хойш Нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс захиалагч байгууллагад гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийн дагуу 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс www.ub-procurement.mn цахим хуудсыг ажиллуулж эхэлсэн. Одоогийн байдлаар мэдээлэл нэмж оруулах, ил тод болгох ажил 46%-тай байна.
  • Нийслэл хотын иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай, шударга төрийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны хэв маяг болон хяналт хариуцлагын тогтолцоог бий болгох, улмаар хүнд суртал, сонирхлын зөрчил, авлигаас сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж эхэлсэн.
  • УБ хотод нийт 88 байгууллагын 8212, 20 аймгийн 6000 гаруй хүнийг хамруулсан сургалт зохион байгуулсан.
  • Дэлхийн шилдэг эрэн сурвалжлах сэтгүүлчдийн бэлтгэсэн авлигын нийгэмд үзүүлж байгаа хор хөнөөлийг таниулах зорилгоор бэлтгэсэн баримтат кинонуудыг эх хэлнээ хөрвүүлэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлж байна.

Соён гэгээрүүлэх ажлын талаар:

  • Цэцэрлэгийн насны болон бага ангийн хүүхдүүдэд зориулсан “Шударга мазаалайнууд”, Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийнханд зориулсан “Найзын яриа” ном хэвлүүлж, 3 аймаг, 4 дүүрэгт номын хэлэлцүүлгийг зохион байгуулаад байна.
  • Бүх аймгийн нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн байгууллагад Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх чиглэлээр 34 зөвлөмж хүргүүлээд байна. Тус зөвлөмжийн хэрэгжилтийг Азийн сангийн санхүүжилтээр иргэний нийгмийн байгууллагуудаар хөндлөнгийн хяналт хийлгэхээр төлөвлөж байна.
  • НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн дагуу Авлигатай тэмцэх Үндэсний стратеги боловсруулах ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран зохион байгуулж байна.
  • Хүүхэд залуучуудад чиглэгдсэн “Шударга нийгмийн төлөө хамтдаа” төсөл хэрэгжих бэлтгэл хангагдаж, хүүхэд, залуучуудад чиглэгдсэн “Хамтдаа” цахим хуудас бэлэн болоод байна.
  • АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Засаглал, ил тод байдлыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Азийн сан, Мерси Кор-ын Суурин төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж байна.
  • Авлигын эсрэг хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн мэргэшлийн холбоод, иргэний нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажлын талаар:

  • Гэмт хэргийн тухай 247 гомдол, мэдээллийг //бичгээр 107, утсаар 10, шуудангаар 96, интернетээр 5, биечлэн 25, факсаар 4-ыг тус тус хүлээн авсан/ хянан үзсэнээс 54 гомдол, мэдээлэл буюу 21.8 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, 100 гомдол, мэдээлэл буюу 40.4 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, 77 гомдол, мэдээлэл буюу 31.1 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 1 гомдлыг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгасан байх бөгөөд ажиллагаанд 15 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 93.9 хувьтай байна.
  • Мөн хугацаанд хуульд заасан харьяаллын 477 үйлдэлтэй, 136 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь 2011 оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар өссөн байна. 
  • Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 29 хэргийг буюу нийт шалгасан хэргийн 21.3 хувийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр , 28 хэргийг буюу 20.5 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар , 20 хэргийг буюу 14.7 хувийг харьяаллын дагуу тус тус шилжүүлж, 19 хэргийг буюу 13.9 хувийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж, эрүүгийн 40 хэрэгт буюу 29.4 хувьд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 
  • Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шийдвэрлэсэн болон одоо шалгагдаж байгаа эрүүгийн хэргийн 49 эрүүгийн хэрэг буюу 36 хувь нь хөдөө, орон нутгийн харъяалалтай байна.
  • Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 8 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна. 
  • Мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэрэгт 38 тэрбум төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд 3.1 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын явцад барагдуулж, 3.9 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн ажиллажээ.
  • Мөрдөн шалгасан хэргүүдэд нийт 11 хүнд 2 сар болон түүнээс дээш хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Түүнчлэн мөн хугацаанд 6 хүнийг баривчилсан байна.
Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us