Хэнтий аймагт “Иргэдээ сонсъё” төв ажиллаж байна /2013.04.19/
Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-т заасны дагуу Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэд орон нутгийн иргэдийн өргөдөл, гомдлоо гаргах, шуурхай шийдвэрлүүлэх эрхээ эдлэх нөхцөлийг бий болгох, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх үүднээс “Иргэдээ сонсъё” төвийг 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс нээн ажиллуулжээ. Тус төвийн 70563111 тусгай дугаарын утсаар одоогийн байдлаар нийт 135 иргэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлоо ирүүлээд байгаа бөгөөд тэдгээрийн дийлэнх нь төрийн албан хаагчийн ёс зүй, газар өмчлөл, халамж, тэтгэвэр, зээл тусламж, хотын тохижилт, эмнэлгийн үйлчилгээний талаар байна.
Тус төвөөс 123 иргэний өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэлд тохирсон хариу өгчээ. Шууд хариу өгөх боломжтой өргөдөл, гомдлыг тухайн ажлын өдөрт багтаан шийдвэрлэж байна. Харин саналын шинжтэй болон удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудлаар гаргасан өргөдлийг зохих хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна.