Jan 30, 2015         8

Авлигын индекс тооцох аргачлалыг боловсронгуй болгохоор ажиллаж байна

Авлигатай тэмцэх газар “Авлигын индексийн аргачлалыг боловсронгуй болгох нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг холбогдох төрийн байгууллага, яам, агентлаг, судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөллийг оролцуулан 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. 

iaacАвлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг хууль тогтоомжид заасны дагуу авлигын индексийг гаргаж, олон нийтэд мэдээлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг билээ. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын дарга болон Үндэсний Статистикийн хорооны даргын 2009 оны 76/(06/69) тоот хамтарсан тушаалаар авлигын индекс тооцох аргачлалыг батлан мөрдөж байна. 

Авлигын индексийг дээрх аргачлалын дагуу 2 жилд нэг удаа буюу 2009, 2011, 2013 онд тооцон гаргаж олон нийтэд мэдээлэх чиг үүргийг хэрэгжүүлээд байгаа юм. 2009 оноос хойш зохион байгуулсан гурван удаагийн судалгааны явцад зарим үзүүлэлтийн тооцооллын аргачлал, арга зүйг улам боловсронгуй болгох, сайжруулах шаардлага гарч байна. 

iaac“Авлигын индексийн аргачлалыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгээр “Авлигын индексийн тооцооны аргачлал”-ын шинэчилсэн хувилбарын төсөлд хэлэлцүүлэг явуулсан бөгөөд оролцогчдоос өгсөн холбогдох санал, шүүмжлэлийг төсөлд тусгахаар ажиллаж байна. Авлигын индекс нь УИХ-ын 2008 оны 13 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын “Авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгмийн бүх хүрээнд бий болгон хэвшүүлэх” дэд зорилтын шалгуур үзүүлэлт болдгоос гадна Засгийн газрын байгууллагуудын авлигад өртөх эрсдлийг үнэлэх үзүүлэлт юм.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us