35 мянган төгрөгөөс болж 1 жилийн хорих ял авчээ /2008.04.22/
Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Батцэрэн хээл хахууль авсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 268.1-т заасан зүйл ангиар нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээс 1 жилийн хорих ялаар шийтгүүллээ.
Л.Батцэрэн нь 2007 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Мицубиши галант” маркийн автомашины жолооч Б.Баттөмөрийг зогсоон шалгаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж 35 мянган төгрөгийн хээл хахууль авсан нь тогтоогджээ. Жолооч Б.Баттөмөр нь Эрүүгийн хуульд байсан 269-ийн 2-ын тайлбарт заасны дагуу хээл хахууль өгсөн хэргээ өөрөө хүлээж ирсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн байна.
Иргэдээс ирүүлж буй гомдол, мэдээлэл бүрийг шалган нягтлах үүргийнхээ дагуу Авлигатай тэмцэх газар энэ үйлдэлд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд өдөр тутам тохиолдож байдаг замын зарим зохицуулагч цагдаа нарын ёс бус үйл ажиллагааг шүүхээр шийдвэрлэсэн нь энэ юм.