Авлигатай тэмцэх газраас судалгааны дүнг танилцуулж хэлэлцүүлэг зохион байгууллаа /2013.04.05/
Авлигатай тэмцэх газар “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2012 оны судалгаа”-ны дүнг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. УИХ-ын 2008 оны 13 дугаар тогтоолын дагуу явуулдаг уг судалгааг улс төр, хууль хяналтын байгууллагын авлигын нөхцөл байдлыг шинжээч нарын төсөөлөл дээр тулгуурлан гаргадаг бөгөөд 1-5 гэсэн үнэлгээгээр хэмжигддэг, авлига их байна гэж үзэх тусам үнэлгээ 5 руу ахих ба авлига бага байна гэж үзвэл үнэлгээ 1 рүү доошилдог байна. Судалгааны дүнгээр Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх шинжээчдийн төсөөллийн 2012 оны үнэлгээ 3.93 болж, 2011 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад 0.14 пунктээр буурсан байна. Энэ нь улс төр, хууль хяналтын хүрээн дэх авлига түгээмэл байгаа хэдий ч төсөөллийн түвшин буурсан болохыг харуулж байна.
Хэлэлцүүлэгт парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл, УИХ-ын Тамгын газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, эдгээр байгууллагуудын харъяа нийслэл, дүүрэг дэх алба, салбар болон нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын төлөөлөл оролцов.
Энэхүү судалгааг 2008 оноос эхлэн жил бүр хийж байгаа бөгөөд судалгааны гол зорилго нь шинжээчдийн үнэлэлт дүгнэлтэд үндэслэн улс төрийн хүрээн дэх авлига болон хуулийн байгууллага, шүүхийн үйл ажиллагаан дахь авлигын цар хүрээ, шалтгаан нөхцөл, хэлбэрийг тодорхойлоход оршиж байгаа юм.