Хөндлөнгийн шинжээчдээс хангалтгүй үнэлгээ авсан Төв, Ховд аймгийн Засаг даргад авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэл өгөв
Авлигатай тэмцэх газар олон нийтийн оролцоонд тулгуурласан, хөндлөнгийн хараат бус “Шинжээчдийн баг”-ийг ажиллуулж, төрийн байгууллагын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийлгэсэн билээ. Хөндлөнгийн шинжээчдээс Төв, Ховд аймгийн авлигын эсрэг үйл ажиллагаанд хангалтгүй үнэлгээ өгсөн бөгөөд үүний мөрөөр Авлигатай тэмцэх газраас дээрх аймгийн Засаг дарга нарт авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа сайжруулах, эрчимжүүлэх чиглэл өгөөд байна.
Төв аймаг дахь төрийн байгууллагын удирдлагаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигатай тэмцэх зорилго бүхий төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг дэмжих, үйл ажиллагаандаа татан оролцуулахад чиглэсэн арга хэмжээг хангалтгүй гэж үзсэн бөгөөд удирдлагын санал санаачилга, хүсэл зориг ч мөн дутмаг гэж дүгнэжээ.
Харин Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны тайлан, холбогдох мэдээлэл”-ийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй бөгөөд шинжээчдийн баг үнэлгээг хийхдээ аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудас дахь мэдээлэлд тулгуурласан байна. Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн байгууллагуудад тусгайлсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Сүхбаатар, Хөвсгөл, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын үнэлгээ өнгөрсөн оныхоос 16-73 оноогоор нэмэгдэж, зохих үр дүнгээ өгсөн. Гэтэл дээрх аймгуудын нэгэн адил Авлигатай тэмцэх газраас Ховд аймагт чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байтал дахин хангалтгүй үнэлгээ авчээ.
Ийнхүү удаа дараа хангалтгүй үнэлгээ авсаар байгаа Төв, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт хандан цаашид үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн дээрх асуудлуудад анхаарлаа хандуулахын зэрэгцээ “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-д тусгасан шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж ажиллах, 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний дүнг зохих түвшинд хүргэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг Авлигатай тэмцэх газраас анхаарууллаа.