Jan 22, 2015         3

Хятад иргэнээс хахууль авсан ахлах байцаагчид хорих ял оноов

Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг нарт холбогдох хэргийг 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн хуралдаанаар шийдвэрлэв. 

Ж.Пунцаг нь 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдөр “Си Ар Си Жи девеломент Монголиа” ХХК-ийн орлогч захирал Жан Юү Шингээс 5 сая төгрөгийг орчуулагч Жя Рун Лингээр дамжуулан авсан бөгөөд 2014 оны 7, 8 дугаар сард бизнес ангиллын визээр Монгол Улсад зорчин ирсэн боловч ажил эрхэлж байгаад визний хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан болох нь мөрдөн байцаалтаар нотлогдсон юм. Ж.Пунцагт хээл хахууль өгсөн Жан Юү Шин нь Монгол Улсад 2014 оны 6 дугаар сард ирсэн бөгөөд БНХАУ-ын төмөр замын бүтээн байгуулалтын улсын компаниас хөрөнгө оруулалттай “Си Ар Си Жи девеломент Монголиа” ХХК-ийн орлогч захирлаар ажиллаж байгаа ч түүнийг орлогч захирлаар томилсон албан ёсны тушаал шийдвэр байдаггүй ажээ. 

Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн хуралдаанаас Ж.Пунцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ял ногдуулж, БНХАУ-ын иргэн Жан Юү Шин-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн хэмжээ /9.5 сая төгрөг/-гээр, Монгол Улсад түр оршин суух Жя Рун Лин-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээ /950.000 төгрөг/-гээр тус тус торгож, хэргийг шийдвэрлэсэн байна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us